Зайсан толгойн оройд байх Зөвлөлтийн армийн дайчдад зориулан 1971 онд бүтээн босгосон дурсгалын цогцолбор юм. Уран барималч А.Хишигт, Мишиг нарын эх загвараар 498 хавтгай дөрвөлжин метр талбайг эзлүүлэн бүтээжээ. Цогцолборын доод ханан дээр “Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай цуг дархлав” гэсэн үгийг сийлжээ. Орой өөд 600 гаруй гишгүүр бүхий 300 метр урт шатаар өгсөж Зөвлөлтийн цэрэг эрийн хөшөө бүхий дугуй ханаар хүрээлэгдсэн талбайд хүрнэ.
Талбайн төв дунд 3 метрийн голчтой мөнхийн гал буюу “тулга” байдаг бөгөөд амь үрэгдсэн дайчдын гэгээн дурсгалыг үүрд дурсан санахыг бэлгэдсэн байдаг. Дугуй хананы тойрог урт нь 60 метр бөгөөд төмөр бетоноор цутгаж хийжээ. Хананы гадна талаар Монгол Зөвлөлтийн гавъяаны одонгуудыг товойлгон сийлж Монгол үндэсний хээ угалзаар чимсэн байдаг бол хананы дотор талд шилэн шигтгэмэлийн аргаар урласан хоёр орны ард түмний найрамдалт харилцааг он дарааллаар илэрхийлсэн зураглал бий.
Цэрэг эрийн хөшөө 27 метр өндөр, нэг гартаа зэвсгээ бариад, нөгөө гартаа ялалтын тугаа барьсан байдаг. Энэ өндөрлөгөөс Улаанбаатар хотыг бүхэлд нь тольдон харах боломжтой.
Зөвлөлтийн дайчдын хөшөөний цогцолборын нэг хэсэгт Берлин хүрсэн танкийн хөшөө багтана. Монголын ард түмний хандивын хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цувааг байгуулж 1943 онд Зөвлөлтийн армид бэлэглэж байсан түүхтэй бөгөөд энэхүү танк нь Берлин хүртэл аялан гарамгай гавъяа байгуулж БНМАУ, ЗХУ-ын есөн одонгоор шагнагджээ. Хөшөөг байгуулахдаа налуу өндөрлөг төмөр бетон суурин дээр танкийг баруун зүг харуулан байрлуулж, суурийн зүүн хананд түүний явсан замыг сийлж, баруун хананд нь гавъяаны одонгуудыг нь товойлгон хийсэн байна.
Эх сурвалж: Монгол орны лавлах