Хөдөө орон нутгаас Богд гэгээнд мөргөхөөр ирсэн хүмүүсийг Богд хан уулын аманд байх нэгэн толгойн ар өврөөр бууж унаа малаа тэнхрүүлж, алжаал ядаргаагаа тайлахыг Богдын ордноос зөвшөөрчээ. Холоос ирсэн аянчин шавь нар Жавзандамба хутагтад бараалхах бэлтгэлээ базаан ээлж дарааллаа хүлээн энэ аманд саатдаг байсан байна. Отгийн зайсангууд голлон ирж буудаг байсан бөгөөд нөгөөх жижиг толгойг тахиж ёс үйлддэг байсан учраас “Зайсан толгой” хэмээн нэрлэжээ. Их хүрээний чанх өмнөх Богд уулын амыг Ар Зайсан, өвөр талын амыг Өвөр Зайсан хэмээн нэрлэх болжээ. Зайсангийн аманд Нархажидын дуган хэмээх сүм байв. Энэ дуганд эрэгтэй, эмэгтэй 20-30 лам хурал хурдаг байсан бөгөөд Богд хаан, хатан Дондогдуламын хамт өвлийн адаг сарын 25-нд заларч их хандив мөнгө өргөдөг байжээ. Мөн 5 өнгийн торгон дээлтэй, 18-20 насны шанз ёочин тоглодог бүсгүйчүүдийг Амгалант гацаанаас ирүүлж найр цэнгэл үүсгэдэг байсан тухай, энэхүү цэнгүүнд Ардын жүжигчин Дашдэлэг гуай 20-иод настайдаа ирж хөгжимдөж байсан тухайгаа дурсан ярьсан нь буй.
Зайсан толгойтой холбоотой домгоос: Нэгэн удаа Богдхан уул Чингэлтэй уул хоёр маргалдаж гэнэ. Чингэлтэй уул өөрийгөө Богдхан уулаас том, өндөр гэж мэтгэжээ. Харин түүний үгэнд эгдүүцсэн Богдхан уул “чи үргэлж миний өмнө бөртийж бай” гээд толгойг нь тасдан өөрийнхөө өмнө тавьчихсан гэдэг. Өөр бас нэгэн домогт, Урьд цагт Улаанбаатар хотод үргэлж гай гамшиг нүүрлэж ган зуд, ширүүн салхи үүсч үлэмж хэмжээний хохирол учруулан хүн ардыг нь зовоодог байжээ. Нэгэн өдөр хотын эрхтэн дархтангууд цуглаад үүнд нэг л учир байна хэмээн хэлэлцээд ийн тогтжээ. Туул голын урд хөндийд нэгэн нүх байх бөгөөд тэнд амьдардаг муу ёрын сүнснүүдээс болоод байна, тийм учраас тэр нүхийг таглах хэрэгтэй хэмээн ярилцаад Чингэлтэй уулын орой бусдаасаа арай л өндөр юм байна түүний оройноос авч таглая хэмээн шийджээ. Тэгээд Чингэлтэй уулын оройноос тасдан авч тэрхүү нүхийг тагласнаас хойш хотын иргэдийг зовоогоод байдаг гай гамшиг арилсан гэнэ. Одоо сайтар харах юм бол Чингэлтэй уулын орой ерөнхийдөө тэгшивтэр байдаг байна.
Эх сурвалж: Монгол орны лавлах