1921 оны хувьсгалын дараахан Ардын засгийн газраас улс орноо сэргээн босгох “Эдийн засгийн үндсэн бодлого-ыг 1923 оны 7 сард баталсан бөгөөд тэрхүү бодлогын хүрээнд “Монголчуудын мөнгөний гачигдлыг тусгуулахаар мөнгө төгрөгийн банк мэтийг нь нээвээс зохимой” хэмээн заасны дагуу анх Зөвлөлт Орос улстай хамтран 1924 оны 6-р сарын 2-нд Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Банк (Монголбанк)-ийг байгуулжээ. БНМАУ-ын СНЗ-ийн 1983 оны 101 дүгээр тогтоолоор Улсын банкинд “Үнэт зүйлс, эрдэнэсийн улсын фонд”-ыг тусгаарлан байгуулснаар Монгол Улсын түүх, соёлын ховор нандин үнэт зүйлсийн цуглуулгатай болсон ба 2006 онд анх удаа “Эрдэнэсийн сан”-д хадгалагдаж байсан түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийг дээжлэн олон нийтэд дэлгэн үзүүлсэн түүхтэй.
Монгол банкны “эрдэнэсийн сан”-д НТӨ I мянганаас XII зууны үеийн археологийн олдворууд, Монголын эзэнт гүрний үед холбогдох алт, мөнгөн зоос болон мөнгөн дэвсгэрт, XYII-XX зууны эхэн үеийн монголчуудын оюуны болоод эдийн соёлыг илэрхийлэх эд хэрэглэгдэхүүн, Монгол Улсын хаан YIII богд Жавзундамба хутагт болон эх дагина Дондогдуламын хэрэглэж байсан эд зүйлс, төрийн тамга, алтан өргөмжлөлүүд, Монгол Улсын төрийн дээд одон тэмдэг зэрэг Монгол Улсын хосгүй болон үнэт үзмэрүүд, мөн Монгол Улсын гүйлгээний түүхэн мөнгөн тэмдэгт, Монгол банкнаас эрхлэн гаргасан дурсгалын зооснууд хадгалагдсан байдаг. Түүхэн хөгжлийн урт удаан замыг туулж, бусдаас ялгарах өөрийн гэсэн өвөрмөц соёл, ёс заншлыг бүтээн буй болгосон ард түмэн билээ. Монголчуудын өвөг дээдэс өөрсдийн гоо зүй, ертөнцийг үзэх үзэл хийгээд оюуны сэтгэлгээгээ ахуйн эдлэл хэрэгсэлдээ шингээн илэрхийлсэн нь үлэмж. Монголчуудын эдийн соёл нь Төв Азийн өндөрлөг дэх уугуул нутагтаа бүрэлдэн бий болсон төдийгүй худалдаа арилжаа, аян дайны байлдан дагууллын явцад хүрээгээ тэлж өрнө-дорнын соёлын нөлөөллөөр харилцан баяжсаар ирсэн. Монгол банкны эрдэнэсийн санд хадгалагдаж буй эртний нүүдэлчдийн түүхэнд холбогдох археологийн гайхамшигт үзмэрүүдийн дийлэнх нь археологич Д.Навааны олон жилийн малтлага судалгааны дүнд илрүүлсэн зүйлс болно.
Зоос нь тухайн орны худалдаа арилжаа, гадаад харилцааг харуулахын зэрэгцээ бичиг соёлын томоохон дурсгал болдог. Монголчууд арилжааны хэрэгсэл болох зоосыг эртнээс нааш хэрэглэж ирсэн түүхтэй. Хаадын зоос нь хэн гэгч хаан хэдэн онд хаана төр барьж байсны хөдлөшгүй баримт болдгоороо бусад бичгийн сурвалж дурсгалуудаас онцлогтой. Чингис хаан ба түүний угсаа залгамжлагчид 200 гаруй төрлийн зоос дэлдүүлж эргэлтэнд оруулсан нь эдүгээ мэдэгдээд байна. Монголын Эзэнт Гүрний үед хамаарах хамгийн эртний зоос нь 1221-1227 оны Чингис хааны зоос, хожуу үеийнх нь 1447 оны Шахрух хааны зоос юм. Монгол хаадын зоос нь монгол, дөрвөлжин, араб, хятад, перс, түрэг, орос, гүрж, латин зэрэг олон хэлний бичээстэй, таних тэмдэг нь хааны тамга, оны цол зэрэг байдаг. Монгол Улсын дурсгалын зоос нь хагас зуун жилийн түүхэн уламжлалтай. Монгол Улс хүн төрөлхтний ба өөрийн улс орны түүхэн тэмдэглэлт ой, түүхт хүмүүс, соёлын өв, байгалийн өв, онцлог үйл явдал, соёл урлаг, спортын амжилтанд зориулан олон төрлийн дурсгалын зоос гаргажээ. Дурсгалын зоосыг алт, мөнгө, цагаан алт зэргээс гадна зэс, никель, гууль зэрэг өнгөт төмөрлөгөөр үйлдвэрлэж байна.