Гандантэгчэнлин хийд

Гандан бол Монголын буддын шашны төв. Монгол оронд XYI зуунд Төвдөөс буддын шашны шар малгайтны урсгалыг албан ёсоор нэвтрүүлсэн бөгөөд нүүдлийн соёлд тулгуурлан монголын онцлогт тохируулан “Монгол буддизм” болгон хөгжүүлсэн. Үүний хамгийн тод жишээ нь нийт нутаг даяар 700 гаруй сүм хийд байгуулсан ба нүүдэллэн амьдардаг малчин монголчууд хаана ч нүүж очсон сүм хийдтэй ойр байсан. Тэдгээр олон 700 гаруй сүмийн дотор Гандан хийд гэдэг нь Нийслэл Хүрээнд байгуулагдсан хамгийн том хийдийн нэг нь болж чадсан. Эдүгээ хүртэл тэр байр сууриа хадгалж байдаг.

Социализмын үеийн ном хурдаг цорын ганц хийд. Зөвлөлтийн нөлөөгөөр хуучин нийгмийн соёл гэх бүгдийг арилгаж устгаж байсан цаг үед тус Гандан хийд нураагдсан боловч удалгүй дахин сэргээгдсэн. Сэргээсэн шалтгаан нь Англи, Америк гэх мэт гуравдагч ертөнцийн орнуудаас “Орос, Монгол, Хятад улсууд соёлын өвийг хайр найргүй устгаж байна” хэмээн шүүмжилсэнтэй холбоотой гэж үздэг. Нөгөө талаар, олон зуун жил шүтэгдэж ирсэн шашныг ганц хоёрхон жилийн дотор ор мөргүй устгах ямар ч боломжгүй байсан ахмад настнуудад нээлттэй үлдээж хяналтыг ил болгосон гэж үздэг.

Хүрээний хамгийн өндөр байшин. Улаанбаатар хот маань барилгажиж эхэлсэн нь 1960-аад оны үе юм. Нүүдлийн соёлтой ард түмэн бөөнөөрөө суурьших үйл явц хэдийгээр 1778 оноос эхлэлтэй байсан боловч хот хүрээндээ үхэр малтайгаа амьдарсаар байсан. 1910 оны үед 3-хан өндөр байшин байсны нэг нь энэ сүм юм. Буддын шүтлэг гүнзгий ард түмэн бурхадын орон байр болсон сүм хийдийг барихдаа маш хүндэтгэлтэй ханддаг байсан. Барилгын шавар зуурмагт хэрэглэх усыг газарт тавилгүй зөөж, гол багана модыг сонгохдоо ямар ч өө сэвгүй, өндөр гоолиг мод шилж авчирч босгодог уламжлалтай.

 

Монголын буддын шашны их сургууль. 1970 онд байгуулагдсан сургууль бөгөөд лам болох эрдэмд багаасаа суралцсан залуу лам нар тус сургуульд үргэлжлүүлэн суралцаж төгсөөд буддын хичээлээ гүнзгийрүүлэхийн тулд Төвдийн Лхас явдаг байв. Хамгийн сонирхолтой нь буддын шашныг хориглож сүм хийдийг юу ч үгүй нурааж, шашингүй үзлийг номлосон хэрнээ бүхэл бүтэн шашны дээд сургуулийг үлдээсэн нь гайхалтай. 

Буддагийн 2500 жилийн ойг тэмдэглэсэн. Гандан хийдийн лам нар Будда бурханы мэндэлсэн 2500 жилийн ойг 1956 онд тэмдэглэж байсан ба бурхан буддагийн хөрөг зургийг томоор бүтээсэн байдаг. Шашин шүтэхийг хориглосон цаг үед ийнхүү бурхан багшийн ойг тэмдэглэсэн нь буддын шашин шүтлэгт үнэнч, шашны залгамжлагч нар байсныг гэрчилдэг.

Монголын хамгийн өндөр бурхан залсан хийд. Монгол хүн бүрийн хэнээр ч заалгахгүй сурдаг “ум мани бадми хум” хэмээх тарни маанийн эзэн Жанрайсиг бурханыг 26 метр өндөртэйгөөр бүтээсэн. Аливаа болзошгүй аюулаас аварч хамгаалдаг хэмээн шүтэж ирсэн. Дэлхий дээр маш томоор бүтээсэн чулуун, модон, зэс алтадмал Жанрайсиг бурхан байдгаас чулуун ба зэс алтадмал Жанрайсиг нь Монголд бий. Гандан хийдийн Жанрайсиг шүтээн нь 19 тонн зэсээр бүтээгдэж, гадуур нь бүрэн алтаар бүрсэн учраас маш үнэ цэнэтэй юм. Монголчууд “мэлмийгээр болгоогч” хэмээн нэрлэдэг бөгөөд хэн нэгнийг алдаа гаргахаас нь өмнө олж хараад аварч хамгаалдаг хэмээн үздэг.

Аюуш бурханыг хамгийн олноор нь залсан. Жанрайсиг сүмийн хананд хүмүүст урт насыг бэлэглэгч Аюуш бурханы 10 мянган баримлыг залсан. Хүн гэдэг нь үргэлж урт наслахыг хүсэж үхэхийг хүсдэггүй нь хамгийн том хүсэл байдаг гэж үздэг. Хамгийн ихээр хүсдэг урт наслах гэсэн хүслийг нь биелүүлж өгөх гэж энэ бурханыг заларсан хэмээн номлодог. Тийм учраас олон мянган хүний хүслийг гүйцээх үүднээс сүм хийдүүдэд ийм олон тоогоор залж залбирдаг уламжлалтай.

Гандан хийдийн тухай товч:

  • Анх 1809 онд байгуулагдсан.
  • 1994 онд 6 сүмийг нь улсын хамгаалалтанд авсан.
  • Гол дуганыг Y Богд гэгээний шийдвэрээр бүтээсэн.
  • Анхдугаар богд Занабазарын бүтээсэн өвгөн хутагтын хүрэл цутгамал дүр, XIX зуунд монгол лам нар хар цаасан дээр алтаар бичсэн Ганжуурын 108 боть, Энэтхэгийн ерөнхийлөгч Жавхарлал Неру 1957 онд Монголд айлчлахдаа бэлэглэсэн 2000 гаруй жилийн өмнө бүтээсэн Буддагийн цутгамал, Шриланкаас авчирсан мөнгөн суварга, 15 кг цэвэр мөнгөөр хийсэн Богд Зонховын дүр бий.
  • Номын санд нь алт, мөнгө, есөн эрдэнээр бүтээсэн судар, монгол, тод, соёмбо, ланз, санскрит, түвд үсгийн ховор нандин 50 мянга гаруй ном судар бий.
  • Буддын гүн ухаан болон зурхай судлах 4 дацантай.
  • Гандан хийд 1991 оноос хойш өнөөг хүртэл 40 гаруй ламтанг гавж цолтон, 230 гаруй лам нарыг гэвш болгожээ.
  • Хийдийн орчинд цагаан хоолны ресторан, лам хуврагийн сууцны хороолол, шашны эдлэл хэрэглэл худалдаалдаг хамгийн том төвүүд байрладаг.


Мэгжиджанрайсиг сүм:

  • Мэгжиджанрайсаг сүм 30 метр өндөр бөгөөд 1910 онд баригдсан.
  • Гол 4 багана модыг Хүннүгийн хаадын шарил буй Ноён уулнаас сонгон авчирсан.
  • Сүмийн их шүтээн 26 метр Мэгжиджанрайсиг бурханыг хоёр удаа залсан.
  • 1910 оны үед бүтээгдсэн анхны шүтээнийг 1938 онд буулган Зөвлөлт рүү явуулсан.
  • Одоогийн шүтээнийг ард түмний хандиваар 1990 – 1996 онд бүтээн залсан.
  • Бие лагшинг 19 тн зэсээр урлаж алтадсан.
  • Бурханы бие дотор эрдэнэсийн чулуунууд, халуун хүйтэн рашаан, нэн ховор эмийн ургамал, арц агь, үр тарианы дээжүүд, 17 тн жин татах шашны их судрууд, МНТ, Гэсэр, Жангар гэх мэт алдарт түүхэн судрууд, тахийн азарганы сүүлээр хийсэн чавхдас бүхий морин хуур гээд маш олон төрлийн дээдийн дээд зүйлсийг хийсэн.
  • Лагшинг алтаар бүрэхэд 5 х 5см хэмжээтэй 75926 ширхэг алтан хуудас орсон.
  • Дөрвөн мутарыг 1360 гр алт уусгаж будсан.
  • Магнайн шигтгээнд 21 аймаг төлөөлөх 21 төрлийн 304 эрдэнийн чулуу бий.
  • Титэмд өмсгөлд нь 2286 ширхэг эрдэнийн чулуу чуулсан.
  • Мутар дамнах 5 өнгийн хадгийг Энэтхэгийн Варанасад 50 м урттай нэхүүлсэн.
  • Өмнөх тахилын ширээ нь 5м х 2м х 1.55м хэмжээтэй.
  • Ширээн дээр 50 см өндөр “төрийн 7 эрдэнэ”, “шашны 8 тахил”-ыг зэс, мөнгөөр урлаж алтаар чимэглэн тавьсан.


Жанрайсаг:

  • Эх болсон 6 зүйлийн амьтан хэрхэн зовж байгааг нүдээ чилтэл харж байна гэсэн үг.
  • Зүрхэн тарни бол Ум мани бадми хум гэдэг маанийн 6 үсэг. 1 удаад 3 удаа хэлдэг.
  • Баруун талын алдалсан мутарт рашаан бумба бий. Бумбаны мөнхийн ус нь аливаа зүйлсийг ариун болгох шидтэйгээс гадна ууж чадвал мөнх насална гэж бэлгэддэг.
  • Зүүн талын алдалсан мутарт ид шидийн толь бий. Хүмүүсийн үйлдсэн муу үйлийг тольдон харж, тэдний хийсэн гэм нүглийг засаж залруулж байх үүрэгтэй.
  • Цээжин тусын хоёр мутарын зүүн алганд дуссан мөнхийн усыг баруун мутрынхаа ядам хуруугаар нясалж сайн хүмүүст адил тэгш хүртээж байгаа утгыг илэрхийлдэг.

 


Дэчингалав буюу ДҮЙНХОР дацан:
IV Богд Жавзундамба хутагт 1800 онд Баруун Зууд залран Лхо Жалсрай гэгээнээс Дүйнхорын авшиг хүртэж ирээд Дүйнхор дацанг үүсгэн байгуулжээ. Эл дацан нь “Цагийн хүрдэн” бурханы номыг голлон судлах сургууль байсан бөгөөд 1937 онд хаагдсан байна.  1944 онд Гандантэгчэнлин хийд дахин сэргэснээр 1961 оноос эхлэн Дүйнхорын хурлыг жилдээ нэг удаа хурдаг байв. 1990 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Энэтхэгийн Варанаса хотод Дүйнхорын ван айлдахдаа удаах Дүйнхорын ванг Монголд тавихаа айлдсан байна. Ингээд Дүйнхорын шинэ дацанг барьж, 1993 оноос эхлэн Дүйнхорын ёсны хурлаа дагнан хурж эхэлсэн бөгөөд 1995 онд XIV Далай лам Монгол Улсад саатан морилж Дүйнхорын ванг айлдсан. Эдүгээ эл дацан Дүйнхорын ёсны хурал ном хурж, зан үйл явуулж байна.