Нийслэл хот анх Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Их Монгол ба Бага Монгол уулын дунд орших Ширээт цагаан нуур гэдэг газар байгуулагдсан гэдэг баримт бий. Манжийн дарлалд байх хугацаанд Халх Монголын шашны тэргүүн Занабазар өргөөгөө томсгож өөр газар дахин байгуулах, монголчуудаа нэгтгэх үйл ажиллагааг хийж байсан гэдэг. Тиймээс 1706 онд одоогийн Архангай аймгийн нутаг Эрдэнэтолгой хэмээх газар Батцагаан дуганыг байгуулсан. Ингэснээр Өргөө нь “Их хүрээ” болсон.
Өргөө нь дэлхийн түүхэнд хамгийн олон удаа нүүсэн нийслэл хот гэж тэмдэглэгдсэн. Өнөөгийн өнгө төрхийг олтлоо нийт 20 гаруй удаа нүүсэн. Нүүдлээ дагаад нийслэлийг Номын өргөө, Өргөө, Хүрээ, Нийслэл хүрээ, Богдын хүрээ, Хутагтын хүрээ, Да хүрээ, Улаанбаатар гэх мэтчилэн олон янзаар нэрлэж байжээ. Одоогийн Улаанбаатар оршиж буй газрыг “Алтан тэвшийн хөндий” гэж нэрлэдэг. 1778 онд Богд уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхор буюу дөрвөн уулын дундах хөндийд нүүж ирсэн. Ирэхдээ хүн чулуун хөшөөгөөр шав тавьж байсан гэдэг. Хүн чулууны хонхор гэдэг нь одоогийн Гадаад харилцааны яамны арын хэсэг юм.
1911 онд халх монголчууд тусгаар тогтнолоо сэргээж, VIII Богд Жавзундамба хутагтын лүндэнгээр Их Хүрээг Монгол Улсын нийслэл болгож, нэрийг нь өөрчлөн “Нийслэл хүрээ” болгосон. Нийслэл хүрээ болсон ч тусгайлсан засаг захиргааны нэгж байгаагүй. Харин бүтэц зохион байгуулалтын хувьд Богдын зүүн хүрээ гучин аймаг буюу лам нарын амьдардаг хэсэг, хятадууд суурьшсан Зүүн ба Баруун дамнуурчин гэх мэт томоохон хороолол байсан. Түүнчлэн худалдааны захууд дэлгэрсний дотор хамгийн том нь “Маймаа” хот буюу одоогийн Амгаланбаатар байв. Богд хаан өөрийн эзэмшлийн дөрвөн ордонтой байсан ба тэдгээр нь ямар үйл хэрэг хийхээс шалтгаалан өөр өөрийн онцлогтой байсан. Улсын хэмжээнд зохиогдох даншиг наадам, шашны зан үйлийн их ёслол цам харайх, ард иргэддээ өглөг өгөх өдөр зэргийг дээрх дөрвөн ордонд зохион байгуулдаг байсан. Одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн дэргэд хамгийн томд тооцогдох Шар ордон нь байсан. Нэг сонирхолтой зүйл нь тэр үеийн Хүрээнийхэн Дунд голоос Туул гол хүртэлх нутагт суурьшдаггүй байжээ. Учир нь энэ хэсэг Богд хааны “Өндгөн сүрэгийн бэлчээр” байсан. Мөн Манжийн хааны зарлигаар Богд уулыг “дархан цаазат” болгосон ба энэ нь дэлхийн анхны дархан газар хэмээн тооцогддог.
Дараа нь 1924 онд төр захиргааны байгууллагатай болж, нийслэлийн нэрийг “Улаанбаатар” болгон өөрчилсөн. Хотын засаг захиргаа бий болсноор нийслэл хот бүрэн өөрчлөгдөж, өнөөгийн дүр төрхийн үндсийг тавьсан. Нийслэлийн 355 жилийн ойгоор Хүн чулууны хонхорт “Мэлхий хөшөө”-г байгуулж, хотын түүхийг хойч үед сануулахыг зорьсон. Эртний дорно дахины хотуудын түүхэнд мэлхийг энх тайван, амар амгалан, аливаа муу бүхэн халдахгүйгээр урт удаан оршин тогтнохын бэлгэдэл гэж үздэг.