Богдын Цагаан ордон буюу Гунгаадэжидлэн сүм

Түшээт хан Юндэндорж V Богд Жавзундамба хутагтыг харийнхны салхин дороос гаргах зорилгоор 1837 онд Туулын хөвөөнд Цагаан орд буюу Гунгаадэжидлэн сүмийг байгуулжээ. Хожим VIII Богд гэгэээн 23 настайдаа Цагаан сүмийг “Анхдугаар Богдын уран бүтээлийн сүм” болгон үлдээж өвөг дээдсээ хүндэлдэг монгол ёсыг даган өөрөө зүүн талд нь өвлийн шинэ ордон бариулж хойд талд нь өндгөн сүрэгт зориулан малын хашаа бариулсан гэдэг. Мөн Богдын Ногоон ордон ба Хүрэн ордны зуны лаврингууд баригдахаас өмнө энэхүү Цагаан ордонд зусдаг байжээ.

 

 

Цагаан ордон нь 10 гаруй барилгаас бүрдсэн цогцолбор байсан ба тухайн цаг үедээ хамгийн гоё чамин барилгуудад тооцогдож байжээ. Богдын сэрүүн ордон урагш харсан тагттай, мөргөлийн сүм, торгон цэрэг, бараа бологсдын байр зэрэг төвд, монгол хэлбэрийн барилгуудаас бүрдэж, Богд гэгээн ордныхоо тагтан дээрээс мөргөлчдөд гэгээн дүрээ харуулдаг байв. Гунгаадэжидлэн сүм нь  гадуураа модон хашаатай, тэр нь цагаан будагтай байсан тул “Цагаан сүм” хэмээн алдаршжээ. Сүсэгтэн олон судар ном барин хүрээ хашааг нь гороолон эргэж мөргөдөг байсан тул “Эргэдэг цагаан сүм” хэмээн нэрийддэг байжээ. Хожим 1938 онд Цагаан ордонг буулгаж, суурин дээр нь Нэгдүгээр цахилгаан станцыг барьжээ.

 

 

 

Ума хум толгой: Туул голын нэг салаа урсгал болох Хаяа голын лус савдагийг тахиж тайтгаруулаад урд толгой дээр нь “Ума Хум” (Ариун байх болтугай) гэсэн төвд үгийг цагаан чулуугаар шигтгэн бичжээ. Энэ толгой дээрх “Ума Хум” гэдэг үг Туулын усанд тусан түүнийг ариусгаж байхыг бэлгэджээ. 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Багшийн сургуулийн МАХН-ын гишүүн багш, МХЗЭ-ийн гишүүн оюутнуудаар “Ума хумын толгой” дээрх “Ума хум” гэдэг төвд үгийг “Хувьсгалын 15 жилийн ой мандтугай” хэмээх үгээр сольж, дээд талд нь соёмбо тэмдэг шигтгэжээ. Ийнхүү “Ума хумын толгой” 99 жилийн дараа “Соёмбот толгой” болон хувирчээ.

Өндгөн сүргийн нутаг: VIII Богд Жавзандамбын мах, сүү, уналга, эдэлгээний мал сүргийг Хаяа гол (Туул гол), Дунд гол, Богдын зуны ордны хооронд рашаан булаг элбэгтэй, өвс ногоо жигдэрсэн нутагт хариулдаг байжээ. Тийм учраас энэ хавийн газрыг “Өндгөн сүргийн бэлчээр нутаг” гэдэг байжээ. Энэ нутагт бусад айлын мал оруулдаггүй, тал бүрдээ манаатай, дотор нь Богд Жавзандамба хутагтынхаас гадна Далай ээжийнх, Цогбадрахынх, Балданчоймбол, Намнансүрэн, Богдхан уулын тахилгын сүргийг маллагч зэрэг цөөн хэдэн айл байсан гэдэг.