БНМАУ тунхагласны 50 жилийн ойн баярыг тэмдэглэх үед ЗХУ-ын Төрийн тэргүүн Л.И. Брежнев болон хүндэт зочид төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн байжээ. Монголын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын гэргий А.И.Цэдэнбал Филатова зочдод хандан ахан дүүсийн холбоогоо бататган нандин бэлэг барихыг хүссэн өгөөмөр санал дэвшүүлсэн бөгөөд энэ нь Улаанбаатар хотод залуу хос гал голомтоо бадраах бүрт төрөл садан, найз нөхдөө цуглуулан хуримын ёслол үйлдэх шинэ цагийн ариун хайрын орд өргөө хэрэгтэй байгааг дурдсан явдал юм. Ийнхүү ЗХУ-ын буцалтгүй тусламжаар “Гэрлэх ёслолын ордон”-г сүндэрлүүлэн босгох шийдвэр гарч их бүтээн байгуулалт өрнөн Монголд төдийгүй Төв Азид анх үүдээ нээсэн ордон болжээ. Монгол Зөвлөлтийн барилгачин залуучууд богино хугацаанд барьж дотоод заслыг Ардын зураач Д.Амгалан, сийлбэрч Л.Чуваамид нарын уран бүтээлчид ур ухаанаа хослуулан бүтээжээ.
Ордны барилга 1976 оны 6-р сарын 14-ний өдөр нээлтээ хийж Улаанбаатар хотын АДХГЗ-ны “Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтэс” бөгөөд “Гэрлэх ёслолын ордон” хэмээх оноосон нэртэйгээр байгуулагдаж, мөн өдөр анхны хуримлагчдыг хүлээн авч гэр бүлийн баталгаа олгон, шинэ сууцны түлхүүр гардуулснаар энэ ордны түүхийн хуудас нээгджээ. Эл үеэс эхлэн эхнэр нөхрийн ядам хуруунд хатан сүйх, хаан бугуйвчтай шижир алтан бөгж зүүдэг болсон байна. Өнөөг хүртэл 40 мянга гаруй хосын гэрлэлтийг бүртгэн авчээ. Сүүлийн жилүүдэд гэрлэж буй нийт хүмүүсийн 30 гаруй хувь нь тус ордонд ёслолоо хийж хоёр талын ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө өмнө бие биендээ үнэнч байхаа тангараглаж илүү бат бөх, үнэ цэнэтэй гэрлэлтийг буй болгодог болсон байна. Анх байгуулагдахад нь хуримаа хийж байсан хосууд 20, 30 жилийн дараа мөнгөн хуримаа дахин эл ордонд хийхээр ирдэг байна.
Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Гэрлэх ёслолын ордны дэргэд 12 ханатай, 108 уньтай, сийлбэртэй Их өргөө гэрийг барьж 2010 оны 6-р сарын 21-ний өдөр нээлтээ хийж хуримын хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа болон сургалт семинар зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Мөн гадаад хосууд, гадаад хүнтэй гэрлэсэн хүмүүс ирж гэрлэлтээ батлуулдаг. Жуулчны улиралд захиалгаар “Тэнгэр аялгуу” хамтлаг ирж 1 цагийн урлагийн тоглолт үзүүлдэг үйлчилгээ бий.
Ерөөлийн танхим: Хойморын хананд 1976 онд чулуугаар шигтгэж хийсэн “Бадамлянхуа цэцэг” бүхий чимэглэл бий. Тухайн үеийн 18 аймгийг төлөөлөх 18 төрлийн эрдэнийн чулуугаар урласан. Ямар ч шавартай газарт ургахдаа маш цэвэрхэн ургаж дэлбээлдэг лянхуа нь ариухан, цэвэрхэн бүхний бэлгэдэл болдог. Бадамлянхуа цэцгийг саран чулуугаар урласан бол бусад чимэглэлд хаш, ногоолин гэх мэт үнэт чулуулаг шигтгэснээр “энергийн нэгдэл”-ийг бүтээжээ. Хосууд чулуунууд дээр гараа тавьж энерги аваад зогсохгүй магнайгаа хүргэн адис авдаг гэнэ.
Гол танхим: “Гэрлэлтийн баталгаа”-нд гарын үсэг зурах ёслол болдог. Тус танхимын гэрлийн бүрхүүлийг Чех улсад захиалж, шилэн мозайк чимэглэлийг Ардын зураач Д.Амгалангийн, танхимын сийлбэрийн чуулган болсон хаалгыг Ардын зураач А.Сэнгэцохиогийн, хүндэтгэлийн ширээг УГЗ, сийлбэрч Л.Чуваамид нарын зураг төслөөр бүтээсэн байна.
Ордны хананд нэгэн зэс медалийг өлгөсөн байдаг. 1976 онд Улаанбаатар хотод төрсөн хүүхдүүдэд “медаль” олгодог байжээ. Медаль дээр дүрсэлсэн сүх нь аливаа үйл бүтээхэд уран байх, нум сум нь үг хэлэнд цэцэн мэргэн байх, хонх нь тухайн хүүхэд хаана явааг мэдэгдэж дохиолж байхын илэрхийлэл болохоос гадна хөлийн гишгэдэл зөв, бэртэж гэмтэхгүй байхын бэлгэдэл болдог байна. Мөн энд “Гарын 5 хуруу” кинонд Сүрэнгийн зүүж байсан хуримын мөнгөн гоёл бий.
Гадаадын жуулчид 10000 төг төлөөд “Хуримын ордон”-г үзэх бөгөөд тасалбарын оронд тус ордоны тухай ил захидлын цуглуулгыг өгдөг. Өөр улс оронд байгаад байдаггүй “Гэрлэх ёслолын ордон”-той танилцах хөтөлбөрийг “хотын аяллын маршрут”-нд оруулахад тохиромжтой.
Жич: 1924 онд Улаанбаатар хотын анхны захиргаа энэхүү хуримын ордон байгаа газар зургаан гэртэйгээр байгуулагдаж анхны засар даргаар М.Баяр томилогдон ажиллаж байжээ.