Азарга баримал: ХААИС-ийн хашаан дотор таван хошуу малын эцэг мал, зэрлэг өвгийнх нь баримлыг тавьсан ба адууг төлөөлүүлж азарганы баримлыг 1962 онд бүтээжээ. Таван хошуу малын дундаас хамгийн их хайрлагдаж, хүндлэгдэж ирсэн нь адуу. Морьгүйгээр Монголын ард түмний өнгөрсөн одоо ирээдүйг төсөөлөх аргагүй. Адуугүй бол дэлхийн талыг эзэлсэн их гүрэн, эрийн гурван наадам, амтат сайхан айраг ... төсөөлөгдөхгүй юм.
Бух баримал: Баримлыг мөн адил 1962 онд бүтээжээ. Монгол үүлдрийн үхэр нь жилийн 4 улиралд соргог бэлчээрээс олон янзын ургамлаар идээшилж тарга хүчээ богино хугацаанд нөхөн авдаг. Монгол орны байгаль, газар зүй, экологийн нөхцөлөөс хамааран үхрийн тархалт өндөр уулын бүсэд 27.6, ойт хээрийн бүсэд 25.2, тал хээрийн бүсэнд 28.8, их нуурын хотгор, Алтайн бүсэд 12.5, говийн бүсэд 5 хувийг эзэлдэг байна.
Буур баримал: Тус баримлыг бас 1962 онд бүтээсэн. Монгол Улс 1954 онд 890000 тэмээ тоолуулж байсан бол 2020 оны эцсээр 460000 толгой тэмээ тоологджээ.
Ухна баримал: Ямаан сүргийг төлөөлүүлэн ухна бүтээсэн. Монгол ямаа бэлчээрээр таргалах чадвар сайтай бөгөөд намар бүдүүн ухна 55-58, эм ямаа 37-41, шүдлэн ухна 35-38, охин шүдлэн 29-31кг жин дардаг. Ухна 250-350, эм ямаа 240-270, борлон ухна 200-240, охин борлон 200-230, эр ямаа 240-380гр ноолуур өгдөг. Монгол ямаа саалийн 7 сарын хугацаанд 50-60 литр сүү өгөх бөгөөд үүнээс таваарын зориулалтаар 20-30 литр сүү сааж ашиглах бололцоотой. Сүүний хуурай бодис дунджаар 15.44, нийт уураг 3.87, тослог 5.81, чихэр 4.78, ерөнхий эрдэс 0.89 хувь байдаг. Монгол Улс зах зээлийн нийгэмд орсноос хойш хамгийн их өссөн мал бол ямаа бөгөөд 2020 оны байдлаар Монгол улс 27 сая ямаатай болсон байна. Ноолуурын үнээс болж ямааг хэт ихээр өсгөж байгаа нь бэлчээр нутгийн цөлжилтөд нөлөөлж байгаа билээ.
Хуц баримал: Хонин сүргийг төлөөлүүлж, эцэг мал хуцыг байрлуулжээ. Монгол хонь манай орны өндөр уул, ойт хээр, тал хээр, говь, цөлийн аль ч бүс нутагт зохицсон, бэлчээрээр маллахад тэсвэртэй, чийрэг, бэлчээрийн нөөц хомс, тэжээл бага байдаг өвөл хаврын улиралд онд мэнд орох онцгой чадвартай. Мах, өөхөн ашиг шим нь давуу хөгжсөн, махны амт нь гойд сайн, бүдүүн ноостой. Ноос нь эсгий, цэмбэ хийх үндсэн түүхий эд болдог.