Төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “Багш” найраглал гэрэлт хөшөөнд мөнхөрсөн байдаг. Монголын боловсролын салбарын 90 жилийн ойг тохиолдуулан МУБИС-ийн Багшийн сургуулийн өмнөх талбайд босгосон “Багш” хөшөөний нээлт 2011 оны 10 дугаар сарын 3-нд болжээ. Нээлтийн үеэр найраглалын эзэн Ш.Сүрэнжав гуай “Миний бичсэн найраглалд хөшөө босгож байгаад баяртай байна. Гэхдээ энэ хөшөөг багш нарт, боловсролын салбарын 90 жилийн ойд зориулсан” хэмээн хэлжээ. Бяцхан хүү “Багш” найраглалыг дэвтэртээ хуулан бичиж, цүнх үүрч, тоглоомон бамбаруушаа хөтөлсөн охин уншиж буйгаар дүрсэлсэн уг хөшөөг “Үүдэн чулуу” компанийн уран бүтээлчид боржин чулуугаар товойлгон сийлжээ.
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугьсан их өргөөний эзэн юм
Багш та, хүсэл долгилсон ирээдүй замын эх юм...