Энэ хөшөө Монголын үндэсний номын санд хадгалагддаг. Бадамлянхуа цэцгэн суурь дээр, бичээстэй пайлуур чулуу, орой хэсэг гэсэн гурван хэсгээс бүрдэх гэрэлт хөшөөг боржин чулуугаар бүтээжээ. Бичээстэй пайлуур чулууны өндөр нь 165 см, өргөн нь 54 см, зузаан нь 8 см ажээ. Хөшөөний зүүн дээд хэсэгт Сэцэн чин ван Наянтын тамгыг, орой буюу дээд хэсэгт хоёр луу дүрсэлжээ. Хөшөөний баруун дээд хэсэгт Монгол Улсын Ардыг гэгээрүүлэх яамны тамгыг сийлжээ. Хөшөө бүтсэн түүх нь Өвөр Монголын Цахирын сүрэг хошууны Шашныг бадруулагч сүмд тахиж байсан монгол үсгийн Данжуур судрын 226 ботийг Нийслэл хүрээнд залсан үеэс эхэлдэг.
Монгол үсгийн Данжуур халхын Сайн ноён хан аймгийн Хошой чин ван Наянтын өвөг дээдсийн үеэс тахиж ирсэн өмч байжээ. Данжуурыг Монголд залахаар Түшээт хан аймгийн Эрдэнэ жонон жүн ван Ширнэндамдин, түшээ гүн Жамъян нар Бээжинд хүрч Наянт ванд бараалхан Данжуурыг Монголд залах хүслээ айлтгасанд Наянт ван тэдний хүсэлтийг зөвшөөрсөн гэрээ байгуулан судрыг өгөхөөр болжээ. Есөн зүйл бүхий гэрээг 1914 оны 10-р сарын 28-нд байгуулж, монгол, хятад хэлээр дөрвөн хувь үйлджээ. Гэрээнд Данжуур нь Сэцэн чин ван Наянтын удмын өмч мөн, Данжуур судрыг Судар бичгийн хүрээлэнгээс өөр газар байрлуулахгүй гэсэн зүйл багтсан байдаг ажээ. Гэрээний эхийг Н.Дэндэв 1924 онд хөшөө чулуунд сийлснээр Наянт вангийн гэрэлт хөшөө бүтсэн түүхтэй.