Дамбадаржаа хийдийн гэрэлт хөшөөг Манжийн тэнгэр тэтгэсэн хааны зарлигаар босгожээ. Хөшөөг хоёр хувь үйлдэн сүмийн гол хаалганы баруун зүүн талд байрлуулан, нар салхинд элэгдэж гэмтэхээс сэргийлэн асар барин хамгаалжээ. Зарлигийн бичигт Жавзандамба хутагтыг Халхын шашны итгэл хэмээн өргөмжлөөд мөн сүмийг хэний зарлигаар босгосон, сүм босгуулах газрыг хэрхэн сонгосон, хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсныг зарлигийн бичээст сийлүүлжээ. Энэ зарлигийг монгол, манж, хятад, төвд хэлээр бичжээ.
Дашчойнхорлин хийд: Одоогийн Дамбадаржаалин хийдээс хойш 3 км зайтай Сэлбэ голын зүүн гарт Дашчойнхорлин буюу Буян ерөөлт сүмийг 1789 онд байгуулжээ. Тус хийд 100 ламтай байсан ба цам харайдаг байв. 1937 оны өвөл хурал номын үйл ажиллагааг зогсоож, хөрөнгийг нь хурааснаас хойш хийд бүрмөсөн устжээ.