Хөшөө - Жанжин Д.Сүхбаатар

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, Батлан хамгаалах яамны хашаанд буй уг хөшөөг жанжин Д.Сүхбаатар (1892-1923)-т зориулан Ардын хувьсгалын 10 жилийн ойг угтан 1930 оны 5 дугаар сард байгуулж Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн бөмбөгөр оройтой ордны өмнө босгожээ. Хөшөөг Эрхүү хотын нэрт зураач К.И.Померанцевийн зураг төслөөр барьжээ. Сүхбаатарын талбайд 1946 онд Д.Сүхбаатарын морьтой хөшөө баригдсаны дараа уг хөшөөг Офицерийн сургуулийн үүдэнд аваачихыг Сүхбаатарын хүү, хурандаа Галсанд (тэр үед Галсан гуай тэр сургуулийн захирал байжээ) маршил Х.Чойбалсан даалгажээ. Орос цэргийн ангиас тусламж авч зөөвөрлөсөн гэдэг. Эдүгээ тус хөшөө Баянзүрх дүүргийн хамгаалалтад байдаг.

К.И.Померанцев 1884 онд Красноярск хотод төрсөн бөгөөд 1927-1939 онд Монголд уригдан Бөмбөгөр ногоон театрын зураачаар ажиллаж байсан гэдэг. Тэрбээр Улаанбаатар хотод ажиллаж байхдаа зургийн дугуйлан байгуулж хичээл заааж байсан бөгөөд түүний шавь нараас Л.Гаваа хожим “Ардын зураач” болжээ.

https://www.mongolianguideschool.com/info11/detail/82