Одоогийн МУБИС-ын хичээлийн төв байр байгаа газрын зүүн хойд талд хуучин Дотоод яамны хашаанд 1921 оны 7-р сарын 10-нд том гэр барьж, Автономит Монголын засгийн газар, төрийн яамдын тамга, тэмдэг зэргийг “Хэмжээт цаазат Богд хаант Монгол улс”-ын Ардын засгийн газрын мэдэлд шилжүүлэн өгөх түүхэн ёслол болжээ. Дотоод яамны урд талд “Сангийн яам” байрлах зорилгоор 1929 онд хоёр давхар тоосгон барилга барьж, 1930 онд Ардын хувьсгалын 10 жилийн ойг угтаж БНМАУ-ын Засгийн газар, Гэгээрлийн яам, Шүүх яам, Эрүүлийг хамгаалах яам орж байрлажээ. Хэдэн жилийн дараа яамдууд өөр өөрийн байртай болон гарахад Засгийн Газар дангаараа үлдсэн. 1944 онд Засгийн Газрын хоёр давхар барилгад нэг давхар нэмж бариад гурван давхарын баруун тийшээ харсан цэлгэр цонхтой тасалгаануудыг Ерөнхий сайд Маршал Чойбалсангийн контор болгожээ. 1951 онд Сүхбаатарын талбайн хойд талд одоогийн Төрийн ордон ашиглалтад орсноор Засгийн газрын хуучин байранд “Багшийн институт” байрласан ба одоогийн МУБИС-ийн төв байр юм.