Бат гүн шорон

Энхтайвны өргөн чөлөөний урд талд, одоогийн Баянзүрх захын орчим Манжийн үед хамаарах Нийслэл Хүрээн дэх шорон байжээ. Энд Манжийн хууль хэрэгжиж, Монголын олон зуун шударга ард, шилийн сайн эрчүүд эрүү шүүлтэд өртөж, зарим нь алтан амиа алдаж байжээ. Мүглэн хэмээх ганц хүний шорон, хүзүүнд углан цоожилдог явуулын шорон ч байжээ. Манжийн хаанаас энэ шоронд “Бат гүн” хэмээх хэргэм цол шагнасан учраас ийнхүү нэрлэгджээ. Сүхбаатарын эцэг Цагаан дээлт Дамдин энэ шоронд 11 жил хуяг, хуягуудын ерөнхий даамлаар ажиллаж байсан түүхтэй. Бат гүн шоронгийн газар доош орсон нүхэн өрөөнд гамингууд Монголын эх оронч баатар Манлайбаатар Дамдинсүрэнг хорьж байсан ба улмаар тамлан алсан юм. Манлайбаатар Дамдинсүрэн эх орончийн эр зоригийг харуулан босоогоороо нас нөгчсөн түүхтэй.

Цаазын ялтай хүнийг Бат гүн шоронгоос Шар хад руу авч явах үед дуу хүртэл зохиогдон дуулагджээ.
Шар хадны энгэр дээр нь
Шар солонго татаад байна
Шар уургаа шимүүлж өсгөсөн
Эхийгээ бодоход санаа сэтгэл минь дэн дун ... гэх мэт үгтэй.

Ардын засгийн үед ч Бат гүн шоронг ашигласаар байжээ. Энд анхны долоогийн нэг Д.Бодоо, С.Данзан, Ёнзон хамба, тайж Рэгдэндагва, Жинон ван Ширнэндамдин зэрэг язгууртнуудыг хорьж тамлан эрүүдэн шүүж, эцэст нь Шар хаданд аваачиж бууджээ. 1930-аад оны онд ч Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг мөн хорьж байжээ.

Тэр үеийн хүмүүсийн яриагаар хоригдлууд бөөсөнд баригдаж үхэж байсан ба шоронгийн доторхи газар шороо ч бөөсний үүр оромж болж шороо нь хөдлөн язганадаг байсан гэдэг. Хожим Ардын засгийн үед “бэлгийн замын халдварт өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх эмнэлэг” болгон ашиглаж байжээ. Дараа нь эмнэлгийг өөр байранд шилжүүлснээр Бат гүн шорон нэг хэсэг эзгүй байж байгаад галд шатаж устжээ. Түүний дараа суурин дээр нь 1943 онд одоогийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 402 дугаар хаалттай хорих ангийн байшинг барьж, шүүхийн эмнэлгийг 35 ортойгоор байгуулж байжээ. 1948 оноос Засан хүмүүжүүлэх газрын эмнэлэг нэртэй болж, 1966 онд одоогийн “Туул жин пан”-гийн суурин дээр байсан Улаан байшинд 50 ортойгоор шилжин байрлажээ. 1990-ээд онд Бат гүн шорон байсан тус газарт эмнэлгийн дээр EAST худалдааны төвийг барьжээ. Гэвч 2011 оны өвөл тус худалдааны төв шатсан бөгөөд түүхэн цаг хугацаанд энэ газар нь багагүй зовлонт түүхүүд агуулсан байдаг тул эдүгээ ч “эзэнгүйдсэн” хэвээр байгаа ажээ.