Амгаланбаатар буюу Маймаа хот

1778 онд Их Хүрээ Алтан тэвшийн хөндийд ирж суурьшихад Хүрээний зүүн этгээд Улиастайн адагт худалдаачин хятад иргэд суурьшин нэгэн суурин буй болсон нь одоогийн Амгалан юм. Анх Элбэг-Амгалант гацаа гэж нэрлэгдэж байсан энэ сууринг 1925 он хүртэл Маймаа хот хэмээн нэрлэдэг байжээ. 1807 оны үед Маймаа хот 800 гаруй байшин барилгатай, 4000 орчим оршин суугчтай байв. Маймаа хотын баян хятадууд эргэн тойрон шургаагаар барьсан шавар хэрэмтэй байсан бол хэрэмний гадна талд жирийн монгол, хятад иргэд гэр, шавар тагзанд амьдран суудаг байсан.

Маймаа хотод Гэсэр, Дарь эхийн сүм тэргүүтэй долоон сүм байжээ. Эдүгээ Дара эхийн сүм, түүний өмнөх 11 метр өндөр, сийлбэртэй хоёр чулуун багана хадгалагдан үлдсэн. Монгол иргэд Дашсамдинлин хэмээх хурал, мөргөлийн сүм байгуулан ажиллуулж байв. Маймаа хот 72 дамнуурчинтай байсан гэдэг ба тэд өглөө эртлэн гарч арай бийлэгжүү нь үхэр, илжиг тэргэнд бараагаа ачаад, ядуу нь дамнуурганы хоёр үзүүрт бараагаа өлгөн Их Хүрээний зүг цувж, орой болохоор эргэн цувдаг байжээ. Маймаа хот анхандаа хятад худалдаачдын төв болж байснаа сүүлдээ ажил амьдрал эрсэн хэрмэл цагаач монголчууд олширч эцэстээ хятадуудтай холилдон ажил, хөдөлмөр, амьдрал байдалдаа тэдний зан заншлаас авч эрлийз, хурлийз маягийн хүмүүс ч олноор бий болжээ. Хиагт-Хаалганы төмөр утасны шугамын Хүрээн дэх станц нь Маймаа хотод байрладаг байв.

Хөлийн модчин: Маймаа хотын зүүн өмнө талд модны их зах байжээ. Тэнд Чуулалт хаалганы харъяа 28, Хөх хотын харъяа 36, бусад газрын харьяа 100 шахам газар байсан гэдэг. Модны ихэнхийг монголчууд бэлтгэн, бэлтгэсэн модыг нь Хөх хот, Чуулалт хаалганаас олон зуун тэрэг, тэмээгээр тээвэрлэн аваачдаг байжээ. Маймаа хот мөн гар урчууд элбэгтэй байсан бөгөөд Маймаа хотын монгол урчуудын хийсэн малгайг сөнөдүүд ирж авдаг, монгол мужааны хийсэн эдлэлийг сайн хэмээн оросууд авдаг байжээ.