Одоогийн Бакула Ренбүчийн Бэтүб хийдийн орчим буюу Баруун дамнуурчны өргөн чөлөөний урд түлээний зах, түүний урдхан талд нүүрсний зах байжээ. Нүүрсний захын зүүхэн талд элдүүрчин, мужаан, төмрийн дархчуулын хэсэг байв. 1910 оны 3-р сарын 16-нд мужааны пүүсийн орчим монголчууд болон хятадуудын хооронд том зодоон болсон түүхтэй. Энэ зодоонд жирийн харчуудаас гадна Гандан, Зүүн хүрээний лам нар оролцжээ. Зодооныг зогсоохоор Манж амбан Сандо жууз тэрэг хөлөглөн хүрч очсон боловч лам нарын нүүлгэсэн чулуунд сүйх тэргээ хэмхлүүлэн амь наана там цаана зугтсан хэмээн Богдын Донир агсан Жамбал өгүүлжээ. Хятадын “Шинэ Бээжин” пүүс Маймаа хотоос Ши Янгу хэмээх хятад театрыг нүүлгэн авчирч энд барьснаар түлээний зах нүүжээ. Ши Янгу нь 1960-аад он хүртэл хотын олон хөлийн газрын нэг байсан. 1960-аад онд Ши Янгуг өөрчлөн одоогийн Тээврийн товчооны зүүхэнтээ байсан хотын барааны захыг шилжүүлэн буулгасан билээ. Төд удалгүй бараан захыг нүүлгэн буурин дээр нь Бэтүб хийдийг байгуулжээ.
Ший янгу (Ший янз, Ший ёнз): Ший янз хэмээх хятад клуб хуучнаар ХИД-I орчинд буюу одоогийн C1 телевиз, Бакула Ринбүчигийн хийдийн суурин дээр байжээ. Эмсийн хүрээлэн бөгөөд Их Хүрээнд хоёр эмсийн хүрээлэн байсны нэг нь энэхүү хятад эмсийн хүрээлэн юм. Нөгөө нь японых байсан ажээ.