Нийслэл Хүрээнд “Бадарчны дов” хэмээх нэгэн газар байсныг О.Пүрэв “Монгол төрийн голомт” номдоо дурджээ. Энэ нь одоогийн МҮЭ-ийн соёлын ордны урдхан талд хуучин нүүдлийн кино театр гэж байсан газар юм. Бадарчны довын зүүн талд байсан Баруун Сэлбийн зүүн хэсэгт байсан хашаагүй гэр хорооллыг “Засагт ханы задгай” гэдэг байжээ. Өнөөгийн II төрхийн байрнаас баруун хойш Баруун Сэлбэ гол дээгүүр тавьсан гүүрийг “Зодоч нарын гүүр” гэдэг байв. Түүний баруухан талд “Тантанжалын дуган” гэж улааны урсгалын жижиг сүм байсан гэдэг. Уг сүмийн баруун урд олон гэр, майхан байсныг “бадарчин нарынх” гэдэг байжээ. Бадарчид алс газар явахдаа баруун хойд талынхаа дугуй хаалга хэлбэрт суварган доогуур шурган гардаг заншилтай байв. Харийн нутгаас иргэд орон гэртээ орохын өмнө мөн тэр суварган доогуураа шурган ордог байжээ. Энэ зан үйл нь хүний нутгийн өвчин зовлон, хов жив, хэрүүл маргааны зүйл, алив муу зүйлийг гэр орондоо оруулахгүй хэмээн өөрийгөө ариусгаж буй хэрэг ажээ.
Нүүдлийн кино театр: Одоогийн Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны орчимд 1960-аад оны эхээр гэр хороолол байсан бөгөөд энд “Нүүдлийн кино театр” гэж байсан. Орчны айлуудад хятад усчид ундны ус түгээдэг байв. Азарган нэхий дээлтэй хятадууд морин тэргэн дээр том модон ган хувин тавьж бялхтал ус дүүргээд цалгилуулан явж айлуудад ус түгээдэг байжээ.