Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо одоогийн “Дэнжийн-1000”-ын доод хүрд эртнээсээ "Ногоон нуур" гэж нэрлэгдсэн байгалийн сайхан бүрдсэн үзэсгэлэнт газар байсан тухай хөгшид ярьдаг. Ногоон нуураас тунгалаг горхи урсан Хүүхдийн урлан бүтээх төв, Төрийн ордон байгаа газраар дайран Дунд голд нийлдэг байжээ. Нуураас урагш ихээхэн намагтай, дотроо мэлхий ихтэй, зун болохоор усны шувууд ирчихсэн ганганалдаж байсан гэж ярьдаг. Хөвөөгөөр нь улаан орхимжоо намируулсан лам хуврагууд хойш урагш алхалсан нов ногоон орчин байжээ. Өмнөхөн талд нь Зүүн хүрээний Дашчойлон хийд, Хүрээний 32 аймгийн нэг болох Зоогой, Дандирлэнгийн аймгууд шил шилээ даран байрласан байсан бөгөөд олон зуун лам хуврагуудтай байжээ.
XIX зууны дунд үеэс Нийслэл Хүрээнд хятад худалдаачид ихээр суурьших болсноор Ногоон нуурын зүүн талаар өндөр дааман хаалгатай шургааган хашаанууд баригдаж эхэлснээр “Хятад хороолол” үүсэн бий болжээ. Хятадууд нуурын усыг ашиглан дор бүрнээ ногоо тарьдаг байсан гэдэг. Ногоон нуур нь 1970-аад он хүртэл байсан бөгөөд Хүүхдийн урлан бүтээх төвийн (хуучнаар Пионерийн ордон) барилга буй хөрсөн доогуур нуурын ус нэвчсэний улмаас доош сууж сууринд нь ихээхэн засварын ажил хийгдсэн ажээ. Хотын удирдлагууд Баруун Сэлбэ голыг хаагаад “Ногоон нуур”-ыг нийслэлийн хөдөлмөрчдийн амралтын газар болгож, дотор нь хүмүүс завиар зугаалдаг, хүүхдүүд усанд нь сэлдэг болгосон ч нуурын ёроол лаг шавартай, орсон хүн шигдээд байсан тул удалгүй хаасан гэдэг.
Эдүгээ Ногоон нуурын орчин бохирдож, эргэн тойрны хэдэн зуун айлын нүүрсний үнс, угаадсанд дарагджээ. Бороотой зун намаг шалбааг болж хөл гишгэхийн аргагүй болдог байна. Хэдэн жилийн өмнө Японы нэгэн байгууллага хэсэг газар мод тарьж өгсөн нь үр дүнгээ өгчээ. Ногоон нуур дороосоо ундаргатай байсан бөгөөд хүрээнийхэн “сайн ус” гэж лам харгүй ундандаа хэрэглэдэг байсан ажээ.
Саяхан БНХАУ-ын Засгийн газраас “Ногоон нуур - 1008 айлын орон сууц” барих төслийг санхүүжүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгө олгохоор болжээ. Төслийн хүрээнд 84833.6 м.кв талбай бүхий 21 давхар, зоорьтой, найман блок барилга, авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг барих ажээ. Ногоон нуурын буурь, хөрс, суурь хөрсний ус шүүрүүлэх ажлыг хийж эхэлсэн бөгөөд барилгын талбайд хяналтын цооног өрөмдөх, усны ундарга тогтоох, дүгнэлт гаргасан байна.