Хөшөө - И.В.Сталин

1954 онд Зөвлөлтийн барималч С.Д.Меркуровын загвараар бүтээсэн Сталины (1879-1953) хүрэл хөшөөг Улсын нийтийн номын сангийн үүдэнд байрлуулсан байсныг 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа ард түмний шаардлагаар буулгасан. Сталины хөшөө 4.5 метр өндөр, 2.3 тонн жинтэй байсан бөгөөд хөшөөг буулгасны дараа оронд нь Монгол хэл бичгийн их эрдэмтэн гүүш Бямбын Ренчингийн хөшөөг байрлуулжээ.

Буулгагдсан Сталины хөшөө 2018 онд Зүүн Германы нийслэл байсан Берлин хот руу тээвэрлэгджээ. Берлин хотын зүүн хэсэгт “Улаан Бурхан: Сталин ба Германчууд” нэртэй үзэсгэлэн нээгдсэн ба  үзэсгэлэнгийн зорилго нь Сталины дарангуйллын үед германчууд хэрхэн хэлмэгдэж байсан түүхийг үзүүлэх зорилготой байжээ. Сталины хөшөөг 1949 – 1961 онд Сталины нэрээр нэрлэгдэж байсан гудамж буюу эдүгээ Карл Марксын гудамжинд түр хугацаагаар босгосон байна. Берлинд Сталины хөшөө байсан ч коммунизм нуран унах үед буулгаж устгасан байжээ. Үзэсгэлэнд Зүүн Германд Сталиныг хэрхэн шүтэж байсан түүхийн баримтууд, Сталины үед ЗХУ руу цөлөгдсөн герман хүмүүсийн герман хүмүүсийн гэрэл зургийг дэлгэн үзүүлжээ.