Чингэлтэй уулын амнуудаас хамгийн алдартай нь Шарга морьтын ам юм. УБ хотын Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутагт байдаг. Шаргаморьтын амны хойд талаар уртрагийн дагуу сунан тогтсон, баруун тал руугаа аажим налсан тогтоцтой, дунд хэсэгтээ өндөрлөг, оройн хэсэгтээ суваргатай уул бий. YIII Богд хааны хатан, Эх дагина Дондогдуламыг таалал төгсөхөд түүний шарилыг 8 шарга морь хөллөсөн тэргэн дээр тавьж гашуудлын цуваа үүсгэн эл аманд ирж, шарилыг нь шар тосонд хайлж чандарлан, 8 шарга морийг нь сэтэрлэн дархалж тавьснаас үүдэн “Шарга морьт” хэмээн нэрлэх болжээ.
Эл түүхтэй холбоотой байж болох газарт 2018.09.08-18-ны хооронд археологийн малтлага судалгаа хийж Эх дагины дурсгалд холбогдох олдворыг бүртгэлжүүлжээ. Энд 7 х 6 метр харьцаатай, газраас дээш ойролцоогоор 50-70 см өндөр чулуун өрлөгтэй, дөрвөлжин хэмжээтэй байгууламжийн үлдэгдэл бий. Гадна талаар нь хагас дугуй хэлбэртэй ус зайлуулах сувгийн ул мөр мэдэгдэнэ.
Малтлагын явцад нүүрэн талдаа дөрвөн дэлбээт цэцгэн хээ, очир дүрсэлсэн хөх тоосго гарч байсан нь суварганы үлдэц суурь болохыг илтгэжээ. Дээд язгууртай хүмүүнийг суварганд хийж оршуулахад доод дөрвөн суурийн гадна очир болон цэцгэн хээт тоосгоор чимэглэх явдал бурханы шашны ёсонд байдаг.
Энэхүү суварга байж мэдэх байгууламжийн баруун дээд талд дөрвөн тал гарган зассан 1.8 метр өндөр цайвар саарал өнгийн боржин чулуун хөшөө байх бөгөөд хөшөөний дөрвөн тал тус бүрд суварга, тарнийн үсэг товойлгон сийлжээ. Дөрвөн буланд гүн ховил гарган нарийн үзүүртэй багажаар сайтар янзалсан нь мэдэгддэг. Хөшөө дээд хэсгээрээ 38 см, доод сууриараа 60 см. Эл хөшөөг Улсын эх дагина Дондогдулам хатны дурсгалд зориулан бүтээжээ.
Хөшөөний эдгээр дүрслэл нь Дондогдулам хатны амьдрал, үйл бүтээлийн нэлээд зүйлийг тодруулах бөгөөд шашин төрийг өрнүүлэгч Улсын эх дагина Дондогдулам улсынхаа төлөө зүтгэж явсан их үйлсийг эргэх 4 улирал буюу хөшөөний 4 талаар төлөөлүүлэн холбож төгсгөлд нь Хонхот суваргыг дүрслэн хоосон чанарын гүн утгыг харуулжээ. Эгэл жирийн хүнд ийм дүрслэл бүхий дурсгал бүтээхгүй нь тодорхой бөгөөд эл хөшөө буй газарт Улсын эх дагины дурсгалыг оршоосон хэмээн үзсэн.
Малтлагаас олон төрлийн шавар бурхад, сац суварга гарч ирсэн нь Дондогдулам хатныг тэнгэрт хальсны дараа шар тосонд хайлуулан чандарласан хэмээх сурвалж мэдээг нотолдог. Тэрхүү олдворууд нь түүнийг хөдөөлүүлсэн газар гэдгийг илтгэжээ.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах