Хүн ам 38690, нутаг дэвсгэр 68700 га, нийслэлийн 9 дүүргийн нэг, 7 хороотой. Монгол Улсын автозамын босоо тэнхлэгийн огтлолцолд оршдог, автозам, төмөр зам, агаарын тээвэр хөгжсөн, эрчим хүчний эх үүсвэртэй, аялал жуулчлалын гол бүс нутагт хамаардаг, ашигт малтмалын олборлолт нэлээд явагддаг онцлогтой.
1910 оны үеэс нүүрс олборлож эхэлсэн. 1922 онд улсын ууган үйлдвэр болж 1990 он гэхэд жилд 600 мянган тонн нүүрс гаргах хүчин чадалтай, 100% механикжсан, 1500 гаруй ажилтантай, улсын нүүрсний хэрэгцээний 70%-ийг дангаараа хангаж ирсэн түүхтэй. 1921 онд Оросын эрдэмтэн И.Майский “Орчин үеийн Монгол” номондоо “Монголын цорын ганц жинхэнэ үйлдвэрийн газар нь Өргөөгөө 35 бээрийн зайд орших Налайх чулуун нүүрсний уурхай юм. Оросын мэргэжилтнүүдийн удирдлага дор үйлдвэр болж 1915 онд ашиглалтанд орсон” гэж бичсэн байдаг. Орос, хятад хүмүүс ажиллаж байсан уурхайг 1922 онд МУ төрийн мэдэлд авч 12 ажилчинтай, жилд 800тн нүүрс гаргах хүчин чадалтайгаар шинэ зохион байгуулалт хийсэн. 1915 – 1938 онд гар аргаар буюу бүдүүлэг аргаар нүүрс олборлож байв. Эгц босоо цооног ухаж доошоо нүүрсэнд суулгаад тал тал руу малталт хийж зээтүү жоотуугаар ухаж “поолуу” хэмээх сүлжмэл бургасан саванд хийж, гар худаг маягаар эргүүлэн нүүрсээ дээш татаж авдаг, лаа асааж гэрэлтүүлдэг уурхай байв. Гаргасан нүүрсээ морин тэргээр УБ хот руу зөөдөг байсан.
1932 – 1936 онд 60-120 квт хүчин чадалтай цахилгаан станц, 1939 онд 2500 квт хүчин чадалтай Төв цахилгаан станцыг байгуулснаар Налайхын уурхайг өргөтгөх шаардлага гарсан. Баруун урд хэсэгт 1-5 дугаар уурхай, зүүн хэсэгт 6-23 дугаар уурхай ажиллаж, төсөр замаар холбогдож, галт тэрэг рүү ачих тавцантай болж, газар доор савласан нүүрс эргүүлэх пялттай болж, агаар болон тээврийн штректэй, 60 метр урт лаавнаас нүүрс тээвэрлэх коньвейертэй, агт морьдтой болсон. 1938 онд ЗХУ-аас 10 гаруй мэргэжилтэн ирүүлж, баруун гурван аймгаас ажиллах хүч татсан. Мөн Налайн УБ-ын хооронд нарийн төмөр зам тавьж, нүүрсийг нэгдүгээр цахилгаан станц руу нийлүүлж эхэлсэн. Уурхайд 75 квт-ын дизель станц тавьснаар өрөмдлөгийн машин суурилуулж, тэсэлгээ хийх боломжтой болсон.
Налайхын уурхай нь 1937 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. 1940 он гэхэд 440 ажилчинтай болж, жилд 150 мянган тонн нүүрс гаргадаг болсон. 1947 онд 770 ажилчинтай болж, нүүрсний хэмжээ 65%-иар өссөн. 1957 онд уурхайн 35 жилийн ойгоор Дамдингийн Даваажавт “Хөдөлмөрийн баатар” цол олгосноор анхны баатар уурхайчин төрсөн. Мөн 12-р сарын 25-ны өдрийг “Уурхайчдын өдөр” болгон тэмдэглэх зарлиг гаргасан байдаг.
1954-1948 онд Налайхын уурхайн их өргөтгөл явагдаж ЗХУ-ын 169 сая төгрөгийн тусламжаар, 200 гаруй Зөвлөлтийн мэргэжилтний хүчээр 4 жилийн турш мөнх хөлдүү цэвдэг, усны ундралыг нэвтэлж цооног байгуулан олборлолт хийсэн. Их уурхай 1966 он гэхэд жилд 600 мянган тонн нүүрс олборлолтонд хүрч, 75% нь механикжиж, 200 гаруй уурхайчдыг ЗХУ-д явуулж богино хугацааны сургалтанд явуулж төрөл бүрийн мэргэжил эзэмшүүлсэн. 1973 онд уурхайн гүнд болон газар дээр 20 гаруй цех ажиллаж, нүүрс олборлолт, тээвэрлэлт 100% механикжсан.
1982 онд Л.Раднаабазар даргатай Бэлтгэл нэгдүгээр хэсгийнхэн ПК3 комбайнаар сард 600м урт малталт хийж ЗХУ-ын уурхайчдын дээд амжилтыг эвдэж байжээ. Мөн жилд 1 сая тонн нүүрс олборлох хэмжээнд хүрсэн юм. Д.Даваажав, Ж.Отгонцагаан, Х.Түвшин,, Н.Залиль, Д.Чанкий, Ж.Батлай, А.Орногвой, Ч.Пүрвээ, Окобал нарын Хөдөлмөрийн баатар төрж, Пүрэв, Сандаг, Адрес, Жавлай, Сайполда, Шаравхан, Банзрагч, Жанчив, Жадамба, Дамдинсүрэн, Балдорж нарын Гавъяат уурхайчид, У.Мавлет, Н.Лувсанчоймбол, Ц.Дорж нарын Төрийн шагналтнууд төрөн гарсан. Налайхын уурхайг 2 дахь удаагаа “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнаж, Y, YI таван жилийн гавшгайч цол олгосон байдаг. 1990 он гэхэд дээр мэргэжилтэй 30 гаруй инженер, механик, эдийн засагч, 200 шахам тусгай дээд боловсролтой ажилтан, 1500 гаруй уурхайчин ажилчидтай болсон байв.
Налайх гэдэг нэрний учир: Налайх нь анх хотын зүүн урд захад хойноос урагш чиглэсэн хөтөл байсан ба Налуу ухаа гэж нэрлэгдэж байжээ. Бэлчээр сайтай, тарвага зурам ихтэй газар нутаг байв. Тарваганы нүхнээс хар чулуу гарч ирснийг хятадууд олж үзээд илжиг тэргээр зөөж эхэлснээр хүрээнийхэн шатдаг нүүрс гэдгийг мэддэг болжээ. Налуу ухаа хэмээх нэрийг хятадууд хазгай муруй дуудсаар “налайх” болгожээ.
Нарийн төмөр зам: 1940 оны 10-р сарын 11-нд Налайх - Улаанбаатарын нарийн төмөр замыг ашиглалтад оруулжээ. Налайхын уурхайгаас нарийн төмөр замаар нүүрс тээвэрлэж Нэгдүгээр цахилгаан станц уруу нийлүүлдэг байсан. Одоогийн хуримын ордны баруун талд хуучин Нацагдоржийн хөшөө байсан газар нарийн төмөр замын өртөө болох “Сүхбаатар станц” байрладаг байсан ба тэнд ачааны галт тэрэг түр зогсож Улаанбаатар хотын хэрэгцээнд хэдэн чиргүүл вагон нүүрс буулгаад цааш Нэгдүгээр станц руу явдаг байжээ. Цуваа тус бүр нь 5 тонн нүүрсний багтаамжтай 25 вагон чирч явдаг байсан гэдэг.