Улаанбаатар хотын орчин үеийн анхны авангард энэ хөшөөг 1989 онд барималч Б.Хийморь бүтээжээ. 1934 онд Улаанбаатар хотод Монголын анхны аж үйлдвэрийн комбинат байгуулагдсанаар ажилчин анги бий болсон гэж үздэг. Энэхүү
ажилчин анги нэг хүсэл, зорилгын дор хамтын эв санаа, зүтгэлээр урагшилдаг гэсэн санааг ажилчин ангийн төлөөлөл болсон хөдөлмөрчид хамтдаа урагш алхаж буйгаар дүрслэн харуулсан. Мөн “Зөвхөн социалист ажилчин ангийг биш, дэлхий нийтийн ажилчин ангийг энэ бүтээлээр төлөөлүүлэн харуулахыг зорьсон” гэж зохиогч бүтээлийнхээ тухай ярьсан байдаг.
Энэхүү баримал Монголын анхны аж үйлдвэрийн комбинат байгуулагдаж, Социализмын үед аж үйлдвэрийн бүс болж байсан Ажилчны район буюу одоогийн Хан-Уул дүүрэгт байрладаг.
Чулуун суурин дээр хамтдаа урагш алхаж буй ажилчин ангийн төлөөлөл болсон 8 хүнийг дүрсэлсэн энэ зэс хөөмөл хөшөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан.