Баруун дамнуурчин

1778 онд Их хүрээ Сэлбийн хөндийд ирж суурьших үед хэдийнээс нааш байнгын худалдаа наймаагаар амьдарч ирсэн хятадуудыг Богд гэгээний төвлөн суух газрын доод биеэр баруун зүүн Улиастайн хоорондох Улаан дов хэмээх газарт суурьшуулжээ. Тэр цагаас эхлэн хятад худалдаачид Улаан довоос өдөр бүр худалдаалах бараагаа дамнуургаар дамнан авчирч одоогийн Гэсэр сүмийн хавьд байрлаж байсан барааны төв зах руу ирдэг байжээ. Хожим тэднийг барааны төв захад ойртуулж суурьшуулснаар “Баруун дамнуурчин” хэмээх нэр үүсчээ. Энэхүү барааны захаас баруун урагш чиглэн одоогийн тээврийн товчоо хүртэл түлээний зах, чулуун нүүрсний зах, элдүүрчин, мужаан, төмрийн дарханы хорооллууд эгнэдэг байв.

 

Баруун дамнуурчнаас хойш Ногоон нуур хүртэл зайд хойноосоо урагш чиглэсэн нэг, баруунаас зүүн тийш чиглэсэн есөн нарийхан гудамж бүхий хятад хороолол байжээ. 1921 он хүртэл гадна талын гудамж бүрийн аманд хаалгатай, өдөр нь 21 хаалга онгойлгож худалдаа үйлчилгээгээ хийдэг, шөнө болохоор хаалгануудаа дотроос нь түгжээд битүү хэрмээр хүрээлэгдсэн мэт байдаг “хятад хот” байжээ. Тухайн үед баруун дамнуурчны 9 гудамжинд нийтдээ үйлдвэр үйлчилгээний 217 жижиг газар байсан гэдэг.  

Баруун дамнуурчны зах дээр

  • Худалдагч, худалдан авагчийн уулзах газар
  • Сониуч хүмүүсийн цуглардаг газар
  • Сайн дурын уран сайханчдын уулздаг газар
  • Гадаадын хүмүүсийн ирдэг газар
  • Гуйлгачин, ядуусын цуглардаг газар
  • Гар урчуудын бүтээгдэхүүнээ борлуулах газар
  • Мал худалдаалагчдын уулзах газар гэж байжээ.

Зах дээр адууны зах, гэр, майхан, тэмээ хомнох хэрэгсэл, араг савар, шээзгий, дөрвөлж, нэхий дээл, малгайны зах, тулга, галын хайч, мах, шар тос зарах газар ялгагддаг байжээ. 1900 оны эхээр гайгүй сайн номхон морийг 4 рублиэр зарж байжээ.

Ийнхүү Баруун дамнуурчинд хятадууд төвлөх болсноос үүдэн хүрээний лам нар тэдний салхин дор Богд гэгээнийг байлгахаас дургүйцэж 1820-1825 оны үед Баруун дамнуурчны баруун дэнж дээр одоогийн Гандан хийд буй газарт ногоон паалан дээвэртэй шинэ ордон барьж Y Богдыг шилжүүлэн залжээ. Ордны зүүн хойд талд Гандантэгчилэн хийдийн гол дуганыг барьснаар тус хийдийн эхлэл тавигдсан гэдэг.

Баруун дамнуурчны Өндөр ногоон: Хүмүүсийн нэрлэж заншсанаар Ялалт кино театрын зүүн талд байх “Лениний музей”-н ард хоёр давхар улаан дүнзэн байшин байсан ба түүнийг “Баруун дамнуурчны өндөр ногоон” гэдэг байжээ. Дэн буудал байсан энэ байшинд 1918-1920 онд Зүүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан түүхтэй. Засгийн газрын 2008 оны 175-р тогтоолоор хамгаалалтад авсан байсан боловч 2011 оны 7-р сард наадмын үеэр буулгажээ.

Жарун хашорын суварга: Жаран хашор буюу “Ам алдсан” суваргыг 1905 онд барьж, XIII далай ламаар аравнайлуулсан байна. Энэ суварга нь Хүрээнд байсан хамгийн өндөр суварга бөгөөд 1930-аад оны үед нурааж, 1967 онд суурин дээр нь телевизийн цамхагийг босгожээ.