Хөрөнгийн бирж нь улсын үл хөдлөх хөрөнгийг хувьчлах бололцоог бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 1-р сарын 18-ны өдрийн 22 дугаар тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлж, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн бирж болон зохион байгуулагдсан. 1991 оны 5-р сарын 31-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт 10 мянган төгрөгний цэнхэр болон ягаан тасалбар олгож хүн бүрийг анхны хувьцаатай болгосон түүхтэй. Энэхүү хувьцааны арилжаа 1992 оны 2 дугаар сарын 7-нд албан ёсоор эхэлсэн бөгөөд Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компаний хэлбэрт шилжүүлэн нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг болгон эзэмшүүлж нийт хүн амын 52% буюу 1.2 сая хүнийг хувьцаа эзэмшигч болгожээ.
1994 онд “Үнэт цаасны хууль” батлагдаж, Үнэт цаасны хороо байгуулагдаж, МХБ-ийн түр дүрмийг шинэчлэн баталснаар МХБ нь зөвхөн үнэт цаас арилжиж дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад стандарт үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ. 1995 оны 8-р сарын 28-нд үнэт цаасны хоёрдогч зах зээл буюу бэлэн мөнгөний арилжааг эхэлж 29 брокерийн пүүсийг хувьчилж, брокер дилерийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий бие даасан хуулийн этгээд болон зохион байгуулагдсан. 1996 оны 10-р сарын 25-нд Засгийн газрын анхны бондыг гаргаж арилжаалсан. 2005 оны 5-р сарын 25-нд “Монгол шилтгээн” ХХК нь 800 сая төгрөгийн үнэ бүхий 1 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэйгээр санал болгон арилжаалсан нь IPO хийсэн анхны компани болсон.
2011 онд Засгийн газрын бондын 14 удаагийн арилжааг явуулж нийт 236.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 2.4 сая ширхэг бондыг арилжаалж “4000 төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацааны зээлд хамруулах”, “ноос ноолуурын жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтыг босгожээ.
2013 оны 5-р сарын 24-нд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан бол 2013 оны 10-р сарын 3-нд Хөрөнгийн оруулалтын сангийн тухай хууль батлагдсан. Эдгээр хуулиуд батлагдсанаар гадаадын шууд бус хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, үнэт цаасны зах зээлд жирийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болсон. 2015 онд МХБ нь өөрийгөө зохицуулах байгууллага болж 2016 оноос төрийн өмчийн хувьчлалыг олон нийтэд нээлттэй явуулж эхэлсэн. 2018 онд "Ленд мн ББСБ" ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн худалдан авах захиалга нь нийлүүлэлтээсээ 16.5 дахин их буюу нийт 41 тэрбум төгрөгт хүрснээр Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дунд хамгийн их захиалга авсан компани болсон.
2018 онд хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа түүхэн дээд хэмжээнд буюу 210 тэрбум төгрөгт хүрсэн нь үүсгэн байгуулагдсанаас хойшхи 27 жилийн хугацааны түүхэн дээд үзүүлэлт болсон. 2019 онд Монголын томоохон банк бус санхүүгийн байгууллагууд үнэт цаасаа бүртгүүлсэн, мөн “Хамтын хаалттай хөрөнгө оруулалттай сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг баталж, орон нутгуудад “үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг 12 аймаг, 30 суманд амжилттай зохион байгуулсан. 2019 онд "Түмэн шувуут" ХК, "Ард кредит ББСБ" ХК, "Инвескор ББСБ" ХК-иуд МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар 42.2 тэрбум төгрөгийг олон нийтээс амжилттай татаж төвлөрүүлсэн нь өмнөх оноос 35.1 хувиар өссөн байна.