Баримал - Чулуун арслан

Чулуугаар арслан хийж сүм хийд, хот балгадын хэрмэн хашааны үүд, улмаар язгууртан ихэс дээдсийн тахилын онгон зэргийг байгуулахад бүтээж тавьдаг уламжлал Түрэгийн эзэнт гүрэн, Уйгарын хаант улсын үед түлхүү холбогддог. Ихэвчлэн тухайн газрыг харж хамгаалах хүчтэн амьтдын төлөөлөл, хамгаалагч бурхадын агуулга бэлгэдэлтэй байдаг. Буддын шашинд эд хөрөнгө, эрдэнэсээр тэтгэгч бурхадын хүлэг унаа, хамгаалагч болон заларсан байдаг.

Байгалийн түүхийн музейн үүдэн дэх хоёр чулуун арслан: Богдын шар ордны шөргөн хашааны үүдэнд байсан хоёр чулуун арслан байдаг. Нэг нь гүег буюу үр төлөө хамгаалж, нөгөө нь эд хөрөнгөө хамгаалж буй мэт дүрслэлтэй. 1954 онд Монголын нэрт газар зүйч О.Намнандорж тухайн үеийн Улсын түүхийн музейн үүдэнд байрлуулсан ба Байгалийн түүхийн музейгээр солигдож, улмаар 2019 онд тус музейн байшин нураагдсан юм.

МУИС-ийн төв байрны үүдэн дэх хоёр чулуун арслан: Баянхонгор аймгийн Галуут сумд буй Чин сүжигт Номун хан хутагтын хийдийн цогчин дуганы үүдэнд байсан хоёр чулуун арсланг 1954 онд МУИС-ийн захирал Б.Ширэндэв Монгол Улсын Их Сургуулийн төв байрны үүдэнд авчирч байрлуулжээ. Уг чулуун арслангууд ойролцоогоор 120 гаруй жилийн настай бөгөөд аман дотроо хөдөлдөг чулуун бөмбөгтэй байдаг нь онцлог юм.

Арслантай гүүр буюу Сэлбэ голын гүүрэн дээрх хоёр чулуун арслан: Сэлбэ голын гүүрэн дээрх хоёр чулуун арслан анх Маймай хотын Дашсамдилин буюу Өлзий хутагт даян дацангийн үүдэнд байжээ. 1946 онд зүүн Сэлбэ голын модон гүүрэнд шилжүүлэн байрлуулсан. Гүүрийн хоёр жигүүрт байрлах хоёр чулуун арслангийн бие дээр нийт долоон гүег (арслангийн зулзага) байдаг.

Их хүрээний дундуур хойноосоо урагш урсаж өнгөрдөг 2 голыг Баруун Сэлбэ, Зүүн Сэлбэ хэмээн нэрлэдэг байсан бөгөөд Улаанбаатар хотыг шинэчлэн байгуулах явцад Баруун Сэлбэ нь дарагджээ. Зүүн Сэлбэ гол ХХ зууны эхэн үед Сангай үйлчний, Луусангийн, Дарсны, Ногоочны, Цахарын, Амбаны гэх мэт долоо найм орчим гүүртэй байсан бөгөөд түүний дотор Луусангийн гүүр хамгийн том нь байжээ. Харин Амбаны хойд гүүр гэдэг нь одоогийн Арслантай гүүр бөгөөд Зүүн хүрээ Маймаа хотын зам харилцааг сайжруулах зорилгоор анх барьсан ажээ.

1946 онд баруун жигүүрийн хоёр талд нь чулуун арслан байрлуулснаар “Арслантай гүүр” хэмээх нэртэй болж, 1958 онд хуучин байсан гүүр шинэчлэгдэн 40 метр урт, 18 метр өргөн төмөр бетон гүүр болсон билээ. Харин хоёр арслан нь анх Хүрээний манж амбан сайдын гол ордны үүдэнд байсан бөгөөд тэр газар нь одоогийн 21 дүгээр сургуулийн орчим ажээ. Мөн 1919 оны намар Хүрээний түшмэл С.Данзан, Д.Догсомтой анх энэ гүүрний баруун аман дээр уулзан танилцаж, тухайн үеийн Монголын улс төрийн байдал, хятадын дарангуйллыг шүүмжлэн олон цагаар зогсож ярилцсан гэдэг.