Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Цэцэрлэг хотоос урагш 30 км орчим зайд байдаг. Далайн төвшнөөс дээш 1860 метрт өргөгдсөн, аглаг ой бүхий уулын бэлд оршдог. Халууныхаа үзүүлэлтээр Монголд хоёрдугаарт ордог ба газрын гүнээс секундэд 10 литр хүртэл ундран гардаг рашаан юм. Дөрөвдөгч галавын үед үүссэн гэж эрдэмтэд үзсэн бөгөөд хөрсний устай холилдохгүйгээр 86 хэмийн халуунтайгаар ундардаг.
Хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулдаг шүлтлэг рашаан бөгөөд эрт дээр үеэс тус рашааныг эмчилгээнд ашиглаж байсан ул мөр ойр орчмоос нь олддог байна. Хуян хөөрөх, мэдрэлийн судас үрэвсэх, булчин чангарах өвчин, үе мөчний өвчин, үений үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэлд тустайгаас гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, цагаан мах эргэхийг зогсоох, цус багадалтыг хэвийн болгох, эмчилгээний дараах дархлааг сайжруулах, ядаргаа тайлах, ядаргаанаас үүдэлтэй арьсны эмгэгийг засах, ил шарх сорвийг арилгах, чихрийн шижин өвчинг засахад эерэг нөлөөтэй ажээ. Бага тунгаар уух, рашаанд тодорхой хугацаагаар орж гам барих аргуудаар эмчилдэг байна. Цэнхэрийн халуун рашаан байгаа тус бүс нутаг нь Хангайн нурууны салбар уулсад хамаарах ба ойр орчинд нь Борт тал, Гялгар, Цагаан сүм гэх мэт халуун рашааны ундаргууд бий.