Архангай аймгийн Тариат сумын төвөөс зүүн тийш 40 км зайд Мандаа хайрхан уулаас эх аван урсах хүйтэн рашаан юм. Өндөр уулсын өтгөн ойн дунд “элэг” шиг хэлбэртэй том гантиг чулуун хадан цохионы доороос газрын гүнээс шүүгдэн гарч ирдэг. Хадатын рашаан нь д.т.д 2080 метр өндөрт орших ба эргэн тойронд ухаа боржин, сэвхэн чулуунаас голлон тогтсон хад асга, ой модтой өндөр уулс хүрээлдэг. Хажуу бэлээр нь шохойн чулуу, цагаан гантиг, хөх занар зэргээс тогтсон хад цохио цайран сүндэрлэнэ. Хадатын рашаан нь шар өвчин, элэг, цөс, сав давсагны архаг хууч, бөөр, нуруу, мэдрэл, хоол унд үл зохих, ходоод гэдэсний элдэв өвчинд тустай. Элэгний уураг, нүүрс усны солилцоог сайжруулах, элэг цэвэрших ажиллагааг идэвхжүүлдэг гэж үздэг. Натри-кали, нүүрсхүчлийн хийтэй гидрокарбонат, кальци, магни, биокарбонат, сульфат, хлори, фтор, төмөр зэргийн агууламжтай рашаан юм.
Нутгийн ард түмэн эрт үеэс “газар тэнгэрийн их хувилгаан ус” хэмээн шүтэн биширч, рашаан уснуудын “охь манлай” хэмээн өргөмжилж иржээ.