Таацын голын халуун рашаан

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын төвөөс зүүн хойш 23км зайд д.т.д 1938 метр өндөрт Таацын голын сав газар бий. Энд хүхэрлэг бүтэц бүхий халуун рашаан байх ба 1км орчим урсч, Таац голд цутгадаг. Нутгийн хүмүүс зуны улиралд рашааны ойролцоо түр нүүдэллэн ирж, амрангаа рашааныг эмчилгээ болгон хэрэглэдэг уламжлалтай.    
 
Таацын гол нь Хангайн өвөр хажуугаас усжих голууд дотроос хамгийн бага нь юм. Голын урт 200км, ус цуглуулах талбайн хэмжээ 9190 хавтгай дөрвөлжин км болно. Хангайн өврийн уулсын ам хавцлаас усжих жижиг гол горхиуд нийлэх тул хол урсах тусам усны нөөц эрс багассаар нууруудын хөндийд оронгууд сэвсгэр хурдасанд шингэдэг. Зөвхөн зуны хур борооны үед Таацын цагаан нуурт хүрнэ. Усны сүлжээний нягтшил Нарийн-Тээл суманд 0.099 км/км2, дундаж налуу 0.006 болно. Голын хөндийн төрх байдал Хангайн Өмнөд бэлийн бусад голуудтай төстэй бөгөөд 1-3км өргөн хөндий зонхилно. Хангайн өмнөх голуудын адил 10-р сарын сүүлчээс эхлэн хөлдөж, 4-р сард мөс нь хайлах ба ихэнх хэсэгтээ ёроолгүй хөлдөж халиа үүсгэдэг. Усны ерөнхий эрдэсжилт бага 178.0 мг/л зонхилдог учраас хүн, малын ундны ус, газар тариалан усжуулах зэрэг аж ахуйн хэрэгцэнд ашиглах боломжтой.