Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт байх ба Хүнхэрийн гол нь Алтай хотоос 73 км зайтай. “Говь-Алтайн Швейцарь” хэмээн алдаршсан дархан цаазат газар Хасагтхайрхан уулын зүүн суганд, д.т.д 2200-2600м өндөрт орших Хүнхэр зуслангийн рашаан юм. Нутгийн ард олон 200 гаруй жилийн тэртээгээс рашааныг ходоод, элэг цөс буюу дотоод эрхтэнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Хлорид, гидрокарбонат, кальци, магни, натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.
Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ орчинд хар модон ойтой, өндөр хадан хясаатай бөгөөд Хүнхэрийн горхины дэргэдэх хар гантиган хадан хясааны агуйгаас шүүрэн гардаг. 1960-аад оноос автомашины зам гаргаж, аймгийн нэгдэл дундын хүч хөрөнгөөр рашаан амралтын газрыг байгуулж малчдыг сувилж эхэлсэн түүхтэй. Хүнхэр зуслангийн рашаан нь байгаль эхийн үлдээсэн юугаар ч орлуулшгүй “эм тан” ажээ.