Дорнод аймгийн рашаанууд

 

Ажнайн рашаан: Дорнод аймгийн Баян уул сумаас баруун тийш 35 км, Хэнтий аймгийн Норовлин сумаас зүүн тийш 40 км зайтай газар, энэ 2 сумын хоорондох засмал замаас урагш 6 км зайд Дунд уулын араар зүүн баруун тийш чиглэсэн Чингисийн хэрмэн замаас хойш 6 км зайтай орших рашаан. Орон нутгийн хүмүүс энэ рашаанаас ходоод гэдэс, дотрын өвчинд ууж үе мөч, бөөр нурууны өвчин зэрэгт тустай ба рашааны хар лаг шаврыг эмчилгээ сувилгаанд хэрэглэдэг.  

Гуравны рашаан: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас зүүн хойш 40 км, Цагаан ухааны ар шилд зүүн урагш уруудсан жалганы эх орчмоос ундардаг. Рашааныг эрт дээр үеэс хэрэглэж байсныг нотлох баримтууд байдаг. Нутгийн хүмүүс дотрын элдэв өвчинд рашаанаас ууж эмнэн хэрэглэдэг байсан. 

Дунд ямтын рашаан: Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт д.т.д 850 м өргөгдсөн газар оршино. Рашааны найрлага нь гидрокарбонат, кальци магни зонхилсон 44 төрлийн бал бүхий маш исгэлэн амттай, үнэр, өнгөгүй, тунгалаг рашаан.

Хөх нүдэнгийн рашаан: Дорнод аймгийн Чулуухороот сумын нутаг дахь эл рашаан нь Хөх Нүдэнгийн нуурын зүүн хойд хөвөөнд, нуураас 100 м хэртэй урагш урсан тэр нуурт орсон булгийн шавартай хотгорын зүүн захад дөрөвдөгч галавын хурдаст хучигдсан цайвар шавар дотроос ундардаг. Хужир ихтэй, элсэрхэг цайвар болон шавранцар хөрстэй. Энэхүү рашааныг ойр орчимд нь нутагладаг нутгийн иргэд дотрын элдэв өвчинд хэрэглэж ирсэн.

Цагаан чулуутын рашаан: Гурванзагал сумын нутагт д.т.д 870 м өргөгдсөн газар оршино. Рашааны найрлага нь бари, вислут, мөнгө, стронций зэргийг агуулсан ходооны хүчил багадсан, ихэдсэн зэрэг гэдэс дотрын элдэв өвчинд сайн гэж хол ойрт алдаршсан рашаан. Аймгийн төвд хамгийн ойр орших нүүрсхүчлийн исгэлэн рашаан.