Сийлхэмийн нурууны БЦГ

Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур сумдын нутагт орших Сийлхэмийн нуруу нь улсын хил дээр өргөрөгийн дагуу сунаж тогтсон бөгөөд  Алтайн нурууны нэг салбар уул юм. Зүүн хойш 150 км сунаж үргэлжилсээр Чехачевын нуруу, Тагнын бүсийн Саяны нуруутай залгана. Баруун талаараа бартаа ихтэй, шовхдуу хяртай, хад чулуурхаг эгц хажуутай, ихээхэн хэрчлэгдсэн байдаг. Сийлхэмийн нуруу дунджаар 3000 метр өндөр бөгөөд гол оргил нь Шар нохойт уул 3530 метр хүрдэг.
 
Сийлхэмийн нурууны байгалийн үзэсгэлэн, өвөрмөц байдал, ховордсон амьтан, ургамал, түүх соёлын дурсгал, аялал жуулчлал хөгжүүлэх боломжийг харгалзан 2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор 147877 га талбайг “Байгалийн цогцолбор газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Байгалийн цогцолборт газар нь А, Б хоёр хэсэгтэй. Сийлхэмийн нурууны хил залгаа ОХУ-ын нутагт 241.3 мянган га талбайтай “Салюгемийн Дархан цаазат газар” байдаг нь олон улсын хамтарсан тусгай хамгаалалттай газар байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Сийлхэмийн нуруу БЦГ-т эртний түүх соёлын дурсгалаар баялаг бөгөөд НТӨ III-II зуунд хамаарах 250 гаруй олдвор бүртгэгдсэн байна. А хэсэгт ЮНЕСКО-гийн өв соёлд бүртгэгдсэн алдарт “Бага Ойгорын Цагаан салаагийн хадны зураг” оршдог.
 
Тус БЦГ нь Дэлхийн байгаль хамгаалах сангаас санал болгож буй зайлшгүй хамгаалах 200 экобүс нутагт багтдаг ба Олон улсын болон Монгол Улсын Улаан номонд бүртгэгдсэн аргаль угалз, янгир, цоохор ирвэс зэрэг ховор амьтадтай бөгөөд ялангуяа аргаль угалзын цөм нутаг юм. Энэ цогцолбор газарт ОХУ руу нэвтрэх Цагааннуурын боомт байрладаг.
 
Сийлхэмийн нуруунд уулын хүрэн хөрс, хар хүрэн, ойн саарал хөрс нэлээд тархсан байдаг. Нурууны зүүн төгсгөл Асгат орчмын багахан газарт шинэсэн ойтой. Хээрийн ургамал зонхилохоос гадна вансэмбэрүү, алтан хундага, зэрлэг сармис, уулын сонгино гэх мэт эмийн ургамал элбэг ургадаг.
 
Дэлхийд болон Монголд ховордсон цоохор ирвэс, алтайн аргаль хонь, янгир ямаанаас гадна дэлхийд ховордсон саарал чоно, мануул зэрэг амьтадтай. Зарим үед хилийн цаанаас буга, зээр, баавгай зэрэг амьтад орж ирдэг. Сийлхэмийн нуруунд эрт үед нохой шиг том биетэй тарвага элбэг байдаг байсан учраас нутгийнхны “шар нохойт” гэж нэрлэсэн газар бий.
 
Нуур усанд нь эргийн шувууд ирж, уул хаданд нь ооч ёл, нөмрөг тас, цармын бүргэд, алтайн хойлог, цэвдэгийн цагаан ятуу, цагаан шонхор, идлэг шонхор, хахилаг ятуу зэрэг шувууд ирж буцдаг. Гол горхи, жижиг нуур цөөрөмд нь алтайн сугас, монгол хадран зэрэг баруун Монголын эндемик зүйлүүд амьдардаг.