Айл гэрийн урдуур морьтойгоо унаа хөсөгтэйгөө хөндлөн өнгөрдөггүй. Айл гэрийн өмнөөс, зүүн, зүүн өмнөөс айлд буудаггүй. Цагаан сарын шинийн гийчид айлын гадаа морины давхиагаар ирдэг бөгөөд уяан дээр морины хурдаар буухыг бэлэг дэмбэрэлтэй гэж үздэг. Морь бол монгол эр хүний хань, хийморь сүлд нь болдог бөгөөд айл гэрийн хийморийн дарцаг хийсгэдэг баруун хойно морио уядаг ёстой.
Зочилж яваа хүмүүс олуулаа бол ахмадыгаа хүлээзнэн араас нь дагаж явах бөгөөд ахмадаас түрүүлж айлд ордог ёсгүй. Зэрэгцэн явахад хүрвэл дүү хүн нь ахмад хүнийхээ зүүн гар талд явна. Гэрийн зүг алхаж явахдаа шивэр авир ярилцах, инээлдэх, нуруугаа үүрч явах, исгэрэх зэргийг машид цээрлэдэг. Айлын гадаа байх уурга, шилбүүр, нохойн идүүр дээгүүр алхаж гардаггүй. Хэрвээ айлын үүдэнд улаан юм уясан, дээс татсан байвал хөл цээртэй айл болох тул ордоггүй ёстой. Бас өдрөөр өрхөө бүтээсэн буюу хошуулдсан байвал тухайн айлд ордоггүй.
Ямар ч хүн айлд орохдоо малгай өмсөх буюу алчуур боож ороох бөгөөд толгой нүцгэн, үсээ сэгсийлгэж ордоггүй. Дээл хувцасны энгэр заамыг бүрэн товчилж, бүсэндээ хавчуулаастай хутга хэтээ буулгаж гэрт орно. Барих хүлэх хэрэгсэл болох чөдөр ногт, цулбуур, хуйв дээс мэтийн зүйлийг гадна орхиж, буу зэвсгийн зүйлийг авч орохыг хориглоно. Баруун талын хөлөөс эхлэн босгонд хөлөө хүргэлгүйгээр алхан ордог ёстой. Зочин гэрээс гарах үед босгонд тээглэвэл тэр гэрээс гарз хохирол гарна гэж үздэг учраас буцаж ороод галд нь нэг мод нэмнэ. Эсрэгээр гэрт орох үед босгонд тээглэсэн бол тэр айлд олз орж ирэх нь гэж бэлэгшээдэг. Босго бол гэрээс буян хишиг нь гарч явах, гаднаас гай барцад орж ирэхийг хааж байгаа хаалт юм.
Гэрийн эзний залсан дээш зүгт суух бөгөөд хойморь голлон суудаггүй. Явган суух, өрөөлдөж суух, алцайж суух, сууж байхдаа сүвээгээ тулах, ор бараа түшиж налах, хөлөө жийх, элгээ эвхэх зэрэг нь зохисгүй. Олуулаа үед айл гэрийн эзэн хүнтэй ярилцахаас биш бие биетэйгээ онцгойрч ярилцах, хоорондоо инээлдэх, элдэв юм дуугаргах, айлын эд юмсаар дураараа оролдох, ахмад настай хүмүүсийн өмнүүр гарах зэрэг нь зохисгүй. Ямар ч үед дүү хүн эхлэн мэндчилэх бөгөөд уй гашуу тохиолдсон үед уг айлын хүмүүстэй мэндэлдэггүй. Найр хурим болж байх үеэр орвол хүмүүсийн нийт дунд нь мэнд мэнддэг. Гэрийн эзэгтэйгээс цай ирэхэд заавал нэг удаа амссаны дараа ширээн дээр тавина. Тавагтай идээ барьвал зүүн өвдөг дээрээ тавьж байгаад нэг удаа амсахаар зүйл аваад дараагийн хүнд хоёр гардан дамжуулна. Хэрвээ амсмааргүй байгаа бол тавагны баруун талд гараа хүргэнэ. Гэрээс гарахдаа тавагтай идээнээс заавал ямар нэгэн юм авч амандаа хийгээд гарах бөгөөд энэ нь танайд орж ирсэн цагаасаа авахуулаад гарах хүртлээ сайхан дайлуулж зочлууллаа гэсэн утга юм. Цай уусан аягаа долоодоггүй бөгөөд аяганы ёроолд цайны шавхруу үлдээлгүй уудаг. Гэрт хоол цай буцалж байх зуур зочилсон бол заавал саатан сууж болж буй идээ, цайнаас амсчихаад гарах бөгөөд зочин их амны хишигтэй байна гэж бэлэгшээдэг. Гэрт сууж байгаад эвшээх, хэхрэхийг цээрлэнэ. Гэрээс гарахдаа ямар ч хүний урдуур ар биеэ харуулж гардаггүй. Гадаалсан хүн буцаж орж ирээд урьд сууж байсан газраа сууна.
Эх сурвалж: Монгол орны лавлах