Гэрийн доторхи зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал хэмээн 4 хуваадаг. Баруун хаяанд эмээл хазаар, ногт чөдөр, айрагны хөхүүр сэлт, гэрийн эзний ор, орны арын хананд ангийн буу өлгөж, орны толгойн талд эр хүний нарийн нандин эдлэл болох хөөрөг, хэт хутга, зодог шуудаг, хусуур, ангийн үс зэргийг хадгалдаг авдар байрлуулдаг. Мөн айрагны хөхүүрийг баруун талд байрлуулдаг нь эрт цагт зөвхөн эрчүүд гүү саадаг байсантай холбоотой. Эрэгтэйчүүд баруун талаар гарахдаа хөхүүртэй айргийг бүлж булчингаа чангалдаг заншилтай. Гэрийн гадаа баруун урдхан морины уяа байдаг нь үүнтэй холбоотой юм.
Гэрийн зүүн хатавчинд гэрийн эзэгтэйн саалийн сав, гал тогооны эргэнэг, эзэгтэйн орны хөлийн авдар, эзэгтэйн ор, орны толгойд оёдол үйл болон гоо сайхны хэрэглэл хийх авдар байрлуулдаг. Бэр хадамд очихдоо эцэг эхийн бэлтгэсэн хувцас, өмсгөл болон бүрэн хэрэглэлтэй ор, бусад зүйлийг түүний бэргэн шинэ гэрт оруулан гэрийн зүүн хэсэгт засдаг ёстой. Гэрийн хойморт айлын эд хогшил хадгалах авдар тавьдаг бөгөөд авдрыг дэрнийх, үнэт эдийнх гэж хоёр ялгадаг. Авдар нь дээрээ тагтай, хөвхөн тагтай, нүүрэндээ тагтай гэсэн 3 янз, голдуу улаан хүрэн будагтай байдаг. Дэрний авдарт айлын эзэгтэйн дээл, тэрлэг, үс гэзэгний гоёо, торго дурдан ба ойр зуур хэрэглэх эд юмыг хадгалдаг. Удаах авдарт үнэт эд бусад юмс агуулдаг байв. Авдар дээрээ бурхан тахил өрж, баруун хоймортоо морин хуур залдаг. Дээр үед эсгийгээр хийсэн хөшиг хэрэглэж, хоймор болон баганын хоёр талаар эсгий ширдэг дэвсдэг байв. Нэг ширмэл ширдэгийг 90 эр хонины ноосоор хийдэг.