Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд томчуулын хамтаар “Алаг мэлхий өрөх” хэмээх шагай өрөх тоглоомоор наадан ирсэн сайхан уламжлалтай билээ. Эл тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 шагайг
мэлхийний бие болгон өрж нааддаг.
Мэлхийний биеийг бүтээсний дараа толгой талд нь улаан
будагтай дөрвөн шагайг дугуйлан өрж, зүүн гар талд хөх будагтай 5 шагайг нум
сумны сүүл хэлбэртэй өрөөд “мод” гэж нэрлэн, баруун хажуугаас нь тухайн сумны
үзүүр цухуйсан шинжтэй гурван цагаан өнгийн шагай өрөөд “төмөр” гэж нэрлэнэ.
Мөн дөрвөн сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай
тавьдаг. Ийнхүү цагаан сарын үед наадах “Алаг мэлхий” нь нийт 108 шагайнаас бүрддэг
байна.
Шинийн нэгэнд арван хоёр жилийн тоолол ёсоор учран золгож буй жилтэй ижил жилтэй хүн, эсвэл түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаар шоо хаяж тоглодог.
Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг. Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгодог байна.