Цээрлэх ёсон: Байгаль хамгаалах уламжлал

Гал түлштэй холбоотой цээр: Аянчин хүн гал цогтой үнс нурмыг шороогоор булж чулуугаар дарах, халуун үнс нурманд базаж мушгирсан өвс хийж булах, айлын буурин дээр гал түлэх, асгаж дэлгэсэн ба эсвэл өөр бусдын түүж бэлтгэсэн аргалаар гал түлэхийг цээрлэнэ. Ой хээрийн түймэр гарвал ойр орчмын хүн зартай заргүй ирж унтраалцана. Хээр гал түлэх бол элсэрхэг сайр, цулгай газар, хавтгай чулуун дээр түлнэ.


Мод ургамалтай холбоотой цээр: Гол ус ширгэх учраас голын сав газрын модыг огтлох, зулзаган мод, хэсэг төглөөс нэгийг ч огтолж болохгүй. Нойтон модны мөчир хугалах, нялх ногоо цэцэг зулгаах, өнчин мод ба унаган мод мэтийн онцгой модыг тайрах, зэрлэг сонгиныг үр нь боловсроогүй үед үндэстэй нь түүх, жимс, эмийн ургамлыг мөчиртэй нь түүх, ургамал ба жимсийг боловсрохоос нь өмнө түүх, мөөгний хүрээг хоосортол нь түүх, хавар мод бут ногоорох үед огтлохыг хориглоно. Газрын чийгийг алдахгүйн тулд модыг тайрсны дараа хожуул дээр нь шороо асгана.


Ус голтой холбоотой цээр: Рашаан, булаг шанднаас ус авахдаа сайтар цэвэрлэсэн шанага сав ашиглана. Булаг шанд гол горхины усанд цус, сүү цагаа асгах, хиртэй юм угаах, ойролцоо газар нь бие засах, усан дахь загас жараахай, усны шавьжийг хөнөөхийг ихэд цээрлэнэ. Усны эхийн дээд талд саахалт айлаас дотогш гэр буулгах, усыг бохирдуулах, булингартуулах, хаврын урсгал усыг түүхий ус гэдэг учраас биеэ угаах, хөөтэй тогоогоор худаг уснаас ус авахыг хатуу цээрлэдэг.


Мал амьтантай холбоотой цээр: Амьтан цуглардаг хужир шороонд цус хүргэх, амьтан агнаад ноос, яс, өвдөл цөвдөлийг хамаагүй хаях, ангийн амьтны цусаар байгаль дэлхийг будах, ган зудад нэрвэгдэж нутаг ус эрж яваа амьтдыг агнах, зул сарын 25-нд мал нядлах, ан хийх, ичээндээ байгаа амьтныг агнах, өндгөө дарсан шувууг цочоож үргээх, өнчин ганц амьтан агнах, хөхүүл нялх зулзагатай амьтныг агнах, сүргийн магнай амьтанг агнах, амьтны үүр ичээг эвдэх, нүхэнд ус цутгах, утах, ханш нээснээс хойш үслэг амьтдыг агнахыг хатуу цээрлэдэг. Чонын бэлтрэгийг алах бол заавал нэгийг үлдээнэ.


Биеэ авч явах, ахуй байдалтай холбоотой цээр: Алтан гадас од, нарыг харж бие засах, малын хэвтэр, хот хороо, зэлний орчим бие засахыг цээрлэнэ. Аянганд цохиулж үхсэн мал, хүний цогцсыг тухайн газарт булна. Бэлчээр бууцыг элдэв сэг зэмээр бохирдуулах, голын эрэг, гуу жалга эвдэх, нурамтай үнс асгах, өвлийн бууцыг олон малаар гишгүүлэх, тэнгэр огторгуйг хараах,  хутга мэс, хурц үзүүртэй юмаар газар сэндийлэх, газрын хөрсөнд шалзлам халуун ус, халуун шөл асгах, газрын чулууг ховхолж хөндөх,  нэг газар удаан хугацаагаар нутаглахыг цээрлэнэ. Гутлаа хаях үед улыг нь ханзалж хаяна. Нүүж суухдаа гэрийн буйрыг сайтар цэвэрлэнэ. Овоонд чулуу өргөхдөө бэлийн чулуу авчирч овоонд өргөнө. Үнсийг ариун, хогийг бузар гэж үздэг учраас хоёр өөр газарт хаяна. Чулуугаар чулууг цохиж болдоггүй бөгөөд адуунд муу гэж үздэг. Шон гадасны нүхийг булж, битүүлж үлдээдэг.