Малын бэлчээр

Нүүдлийн мал аж ахуй одоо үндсэндээ бэлчээрийн мал аж ахуй болон хувирчээ. Монгол оронд нүүдлийн мал аж ахуй ноёрхож ирсэн нь юуны өмнө Төв Азийн эрс тэс уур амьсгалтай холбоотой, нийгмийн байгуулалттай ч холбоотой. Нүүдэлчдийн хувьд газрыг ашиглах гол хэлбэр бол бэлчээрийг ашиглах арга бөгөөд сэлбэн нүүх, нутаглах, оторлох, малын хариулга маллагаа хийх, услах, хужирлах, хэвтүүлэх арга ажиллагааг улиралд зохицуулан хийж ирснээс гадна хашаа барих, худаг малтах зэрэг аргуудыг хэрэглэж иржээ. Бэлчээрийг өвөл, хавар, намрын гэж хуваахаас гадна ойрын холын, өдрийн гэж ангилдаг.  Тал хээр нутгийн малчид өвөлжөөний нутгаа хамгийн эрхэмд үздэг. Тиймээс өвөлжөөний бэлчээрээ чулуун овоо пайзаар тэмдэг тавин хамгаалдаг байжээ. Монголчуудын мал ажиллагааны шилдэг арга малаа таргалуулах, хүчийг нь тогтооход  анхаардаг явдал юм. Тиймээс отрыг зун намраар сайн зохион байгуулдаг. Ойт хээрийн бүсэд хонь, үхэр, адууг, тал хээрийн бүсэд таван төрлийн малыг, говьд хонь, тэмээ, ямааг голлон үржүүлж иржээ. Малын хээл томроогүй үед уулын хяр энгэрээр бэлчээх, малын хээл томорсон цагт уулын бэл, сугаар хариулдаг. Мал сүргийг өглөө орой нэгэн замаар бэлчээж хотлуулдаг. Бэлчээрийг ойрынх, холынх гэж ялган малын зүс тод танигдах хэмжээний бэлчээрийг ойрынх, түүнээс цаашхи бэлчээрийг холынх гэж тооцож түүнийг хоног хоногоор алсаас ойртуулан ашигладаг ажээ. Малчин хүн малд нь тохиромжтой өвс ургамалтай бэлчээрт малаа бэлчээрлүүлэн идээшлүүлэхийг хичээдэг. Мал сүргийг өглөө тайван босгож, хэвтэрт нь зогсоон суниалгаж, бие хөлийн нь чилээг гаргаж, ая тааваар нь хөдөлгөн бэлчээрлүүлнэ.

Малыг бэлчээрт гаргах, хурааж хотлох, хариулах, сааль сүү саах, үс ноосыг нь авах, уналга эдэлгээнд сургахдаа энхрийлсэн, анхааруулсан, хориглосон, захирсан утгаар сургадаг. Адууг “хайя”, үхрийг “хаа”, хонийг “дөж”, ямааг “чаа” гэдэг. Явахыг сануулсан утгаар морио “чүү”, үхрийг “хөж”, тэмээг “хөөг” гэдэг. Хонио майлах дуутай нь адилаар дуудаж тойглодог. Ямааг “зуу зу зуу зу” гэсэн авиагаар дуудаж цойглодог, цээглэдэг. Тэмээг тоорлох, хөөслөх гэдэг бол үхрийг өөвлөх, сарлагийг хөөрлөх, сугайлах гэнэ. Адууг гурийлах гэнэ. Энэхүү уянгын дуу авиаг сонссон мал уярч эзэндээ амархан дасаж дотносон,  номхон дөлгөөн зан араншинтай болдог. Саалийн мал бол түргэн ивэлж сүү нь ихэсдэг. Хонийг тойглож, ямааг цээглэж, тэмээг хөөсөлж, үхрийг өөвлөж, сарлагийг хөөрлөн үр төлийг авахуулдаг.