Өнгөний бэлгэдэл

Эртнээс нааш монголчууд үндсэн таван өнгө болох улаан, цэнхэр, шар, ногоон, цагааныг хувцас хэрэглэл, гэрийн чимэглэлд түлхүү хэрэглэж иржээ. Харин монгол барилга архитектурт хар, тод ягаан, бүдэг ягааныг туслах өнгө болгон хэрэглэдэг байжээ.






Бор: Газар шороо, таван махбодийг илэрхийлэх бөгөөд төр тогтвортой, хариуцлагатай байхын бэлгэдэл болдог.


Ногоон: Газар дэлхийг бэлгэддэг бөгөөд санаа сэтгэлийн амар амгалан байдал, хүнд итгэл төрүүлдэг байна. Эдүгээ дэлхийн олон банк ногоон өнгийг сонгосон байдаг.


Улаан: Гал нь ялалт, гал халуун хайр сэтгэлийн бэлгэдэл болно. Улаан хадгийг бурхны шашны таван махбодын тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй. Эдүгээ дэлхийн томоохон хүнс үйлдвэрлэгч фирмүүд энэ өнгийг дүр төрхөө болгон сонгосон байдаг нь хүний идэх дур хүслийг ихээр өдөөдөгтэй холбоотой ажээ. 


Хар: Ёс зүй, дэг журам, эд баялаг, эв нэгдэл, эрх мэдэл, хүч чадлын өнгө бөгөөд хүч чадал, хүсэл зориг, эрч хүчийг бэлгэддэг. Анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй бол хар хөшигтэй өрөөнд ажиллах нь зөв ажээ.


Хөх: Төгсөшгүй, дуусашгүй санааг илэрхийлж, алдар хүндийг дагуулдаг. Сайхан сэтгэлтэй, уур нь амархан гардаг хүмүүс энэ өнгөнд илүү дурладаг гэнэ. Гүн хөх өнгө нь мөнх тэнгэр мэт өнө мөнхөд оршин тогтнохын бэлгэдэл болно.


Цагаан: Аливаа хорыг анагаагч ариун нандин дээдийн бэлгэдэл бөгөөд сүү, сэвгүй ариун сэтгэлийг бэлгэддэг. Мөн орчин үед цагаан өнгийг шударга, тогтвортой, итгэлтэй сэтгэл төрүүлдэг гэж үздэг учраас эмнэлгийн байгууллагын ажилчдын хувцсанд энэ өнгийг сонгожээ. Цагаан хадгийг хамгийн сайн сайхан гэж боддог, хүндэтгэдэг хүндээ өргөн барина.


Цэнхэр: Тэнгэрийн өнгийг бэлгэдэхийн дээр үнэнч ёсыг илэрхийлдэг тул цэнхэр өнгийн хадгийг ихэвчлэн ах дүүсдээ барьж золгодог. Мөн орчин үед цэнхэр өнгийг цусны даралт бууруулдаг гэж үздэг учраас цагдаагийн албан хаагчид, хотын цэвэрлэгээний ажилчдын өмсгөл болжээ.


Шар: Эрдэм оюуны өнгө бөгөөд шар өнгийн хадгийг багшдаа барьдаг. Орчин үед шар өнгө  нь аз жаргал, баяр баясгаланг бэлгэддэг учраас дэлхийн бараг бүх улс орны такси шар өнгөтэй байдаг байна. Алтан шар өнгө нь оюуны гэрэл гэгээ, итгэл найдвар, баян тансаг, сүрлэг бадрангуй, эрэлхэг зориг, сүр хүчийг харуулна. Улбар шар нь амар тайван, баяр баясгалан, хангалуун байдлын бэлгэдэл болно.