Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд Дарьгангын ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь мөнгөн урлал юм. Монгол даяар алдартай хаана ч дахин давтагдахгүй ДАРЬГАНГА ХИЙЦ-ийг 1800 – 1970 он хүртэл 170 жилийн хугацаанд 20 гаруй алдар цуутай дархчуудын авъяас, бурхан ухаан, уран гар, хурц сэргэлэн нүд бий болгож хөгжүүлсэн байдаг. Тэдний урласан 300 гаруй сод бүтээл бий. Дарьганга дархчуудын олон үе дамжин баяжуулсан нарийн ур хийц, туурвин бүтээх уламжлалт арга барил бусдаас содон өөр байдаг. Дан болоод давхар сүлжээст хээ угалз, хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхэйг ухаж сийлбэрлэдэг нь “Дарьганга хийцийн амин сүнс” юм.
Дарьгангачууд Монголын зүүн нутгаар суурьшин амьдрах бөгөөд Манжийн хааны төмөр сүргийг хариулдаг байжээ. Мал хариулсан хөлсөнд нь цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг болсон түүхтэй. Нэгэнт мөнгө элбэг байгаа тул тэр мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл хийх зайлшгүй нөхцөл бүрдсэн байдаг. Дарьгангын мөнгөн урлал, чимэглэл өөрийн өнгө хэлбэр, хаана ч дахин давтагдахгүй хийцтэйгээр зуун дамжин хөгжиж ирсэн.
Дарьганга нутагт Сүрэнхор, “хөл” Галай, “жараахай” Балдан, Дугар, Ласран, Очир, Ням, Чойннямбуу, Б.Лхамсүрэн, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, Д.Цэеэрэгзэн, М.Зундуй, Н.Содов, Загдсүрэн гэх мэт олон алдартай урлаачид төрөн гарчээ. Эдгээр авъяас билэгт урчууд нь олон арван жил хуримтлуулан, баяжуулсан бурхан ухаанаар Дарьганга хийцийг бий болгосон. Дарьгангын дархчууд мөнгөөр эмээл, хазаар, хударга, хэт хутга, аяганаас гадна сам, дарлага, бөгж, бугуйвч, шүдэнзны хайрцаг, савангийн гэр, тамхины хайрцгийг маш уран хийцтэйгээр шүр, тана, сувд шигтгэн бүтээдэг.
Дарьганга эхнэрийн бүрэн гоёл чимэглэлд нийт 20 гаруй нэр төрлийн зүүлтийг дан мөнгөөр урлаж том жижиг шүрэн шигтгээ шигтгэж, дан, давхар мөнгөн утас гүйлгэн нарийн урлал хийж, зарим тодотгох дүрсийг алтаар шарж урладаг онцгой урлал гэнэ. Баруун-Урт хотод байх Угсаатны музейд ур хийцээр гайхагдсан дарьганга урлалын бүтээлүүд тавигдсан байдаг.
Мөнгөн эдлэл бол Монголчуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг зүйл. Наадам болохоор том том мөнгөн тоногтой бүс зүүдэг. Энэ бол маяг биш бөгөөд эртнээс нааш эрхэмлэж ирсэн соёлын нэг хэлбэр гэж ойлгож болно. Мөнгөн аяга бол монгол айл болгоны гал тогооны тансаг эдлэл билээ. Хотын айлын гоёмсог шилэн хоргонд хөдөөний айлын модон бор авдарт чухамхүү мөнгөн аяга л заримдаа хадганд боолттой “эрхэлж” эцэг өвгөдөөс дамжиж ирсэн нандин дурсгал, эдээр баян эрүүл тунх амьдралын нэгэн билэг тэмдэг болсоор иржээ. Модны үндсээр аягыг хийж мөнгөөр тоноглохыг мөнгөн аяга гэдэг. Аяганы амсар, дотор талыг нилэнхүйд нь мөнгөөр бүрэхээс гадна ёроолыг мөнгөлж, морь загас бар луу зэрэг элдэв амьтны дүрс хээ угалз зэргээр чимж байжээ. Мөнгөн аягыг их гарын, дунд гарын, их гарын гэж ангилахаас гадна ур хийцээр нь ялгана. Дарьгангын, Батноровын, Тожилын гэх мэтчилэн шагшин магтацгаана. Амсар, хөвөө ёроолд тавьсан хээнүүд гүн гүнзгий утга учиртай. Төрийн долоон эрдэнэ, шашны найман тахил, тунбааш, дөрвөн хүчтэн гээд нэрлээд барахгүй олон хээ угалзаар гоёж чимдэг.
Уран дархан хүн тэргэндээ тооромсог, ачаа өргөгч, буулгагч сэтгэн хийж болно. Гэвч монголчуудын нүүдлийн соёл нь урлах бүтээх үйлд нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Эрт үеэс жин, овор ихтэй зүйлийг урлахаас зайлсхийж, тэрхүү урлаж бүтээх хүсэл эрмэлзлээ гэрийн эд хогшил, малын тоног хэрэгсэлдээ шингээж үлдээжээ. Авдрын нүүрний хээнээс эхлээд дээлийн эмжээр хажаар, эмээлийн хэрэгсэл, гэрийн багана, унь, хаалга гэх мэт зүйлс нь нүүдэлчин хүний урлан бүтээх эрмэлзлэлийнх нь давчуухан талбар болж байжээ. Гоёл дотроос хамгийн хөнгөн нь болох хээ угалз нь тус тусын утга бэлгэдлийг агуулж байдаг. Баримал, байшин барилга босгож, тээрэм зохиож болох тэр эрмэлзэл нь хээ угалз бүхэнд нь шингэжээ.