XIII зууны үед Чингис хаан Найман аймагтай байлдаж бичгийн түшмэл уйгар Тататунгаг олзлон аваад өөрийн хүүхдүүддээ уйгар бичиг үсэг зааж сургахыг зарлиг болгожээ. Монгол бичиг, худам монгол, хуучин бичиг, уйгаржин бичиг гэх зэрэг олон янзаар нэрлэдэг монгол бичгийг 1205 оноос өмнө авсан болох нь олон зүйлээс батлагдана. Согдоос Уйгар, Монгол хоёулаа энэ бичгийг авсан гэж эрдэмтэд үздэг. Согдууд YIII зууны үед Арабуудад эзлэгдэн араб бичгийг авахаас өмнө өөрийн бичгээ хэрэглэж байх үед нь уйгарууд авчээ. Чингис хааны өргөөнд “Алтан дэвтэр”, “Хөх дэвтэр”, “Их засаг” “Их товчоон” зэрэг шастир бичгүүд хөтлөгдөж байжээ. Монголд анх Өгөөдэй хааны санаачилгаар Хархорум хотод монгол сургууль байгуулж байсан байна. 1587 онд харчины Аюуш гүүштэн монгол бичгийн галиг үсгийн тогтолцоог буй болгосноор төвд, самгард, хятад, орос, франц, герман, англи зэрэг олон хэлний үгийг бичих боломжтой болжээ. Монгол бичгийн бас нэг давуу тал нь хурдан бичих боломжтой маш түргэн бичиг юм.
Монгол бичгийг анх хагас атгасан зүүн гарын хэлбэрийг харж байгаад түүнээс санаа аван зохиосон хэмээдэг бөгөөд тухайн илэрхийлж буй утга нь бичлэгийнхээ дүрс хэлбэртэй ижил байдаг нь үнэхээр гайхалтай юм.
Эх сурвалж: Монгол орны лавлах