Монгол үндэсний бөхийн түүхэн хөгжлийн явцад хувцас өмсгөл нь нарийн болж ирсэн. Бөх хүнийг барьцтай, барьцгүйгээр хөлийг нь дан буюу давхар хавсрах, цохих, цээж мөрнөөс нь барьж эргүүлэн дүүгүүрдэх, бэлхүүс ташаа түүнээс дооших биеийн барьцаас өргөх, татах зэрэг их хэмжээний бяр, хүч гаргаж барилдахад тэр чинээгээр ая даах, бие эрхтэнд элдэв гэмтэл согог олохоос хамгаалахад зохицсон өмсгөл хэрэгтэй байсан. Мөн бөхийн галбир төрхийг улам сайхан болгож, эр хүний биеийн үзэмжийг харах боломжийг монгол бөхийн өмсгөл бий болгодог. Монгол бөхийн өмсгөл нь малгай, зодог ба далбаа, шуудаг, хонгоны даралт буюу түрийний боолт, гутал, оймс, гутлын хүлэг буюу ногтоос бүрддэг.
Монгол бөхийн хувцас хэрэглэлийн тухайд Я.Цэвэл (1951), Ж.Дамдин (1966), Л.Ням-Осор, Б.Батсүх (1989), Г.Эрдэнэ (1992), Доктор Х.Баянмөнх (1994) нар судалж өөрсдийн бүтээлд тусгасан бөгөөд доктор Х.Нямбуу (1996) Монгол туургатны бөхийн хувцас хэрэглэлийн талаар баялаг өгөгдөхүүн бүхий материалыг нийтэлсэн байдаг. Судлаачид Шаньси мужаас эртний нэгэн пайз олсон байна. Энэ пайзан дээр үсээ шууж боосон, шалбуур өмдтэй, цээж нүцгэж барилдаж байгаа бөхчүүдийг дүрсэлсэн бөгөөд уг пайзыг цаг хугацааны хувьд Хүннүгийн үед хамаарах дурсгал гэж (Х.Нямбуу 1996) үзсэн байна. Мөн Ляо улсын нийслэлийн зүүн балгаснаас 1931 онд барилдаж байгаа Кидан хүүхдийн дүрс бүхий ваар олдсон бөгөөд энгэртээ элгэвч зүүж, гадуур нь ханцуйгүй охор цээживч өмссөн дүрс сийлэгдсэн байна. 1939 онд мөн нутгаас найман талтай вааран дээр шуудаг элгэвч өмссөн, бусад бие нүцгэн барилдаж байгаа бөхчүүдийг дүрсэлсэн байсан ба Монгол угсаатан бөх барилдахад хөндлөн цээживч мэт юмаар хөхөө дарна, барилдахуйд бүдүүн утсаар нэхсэн бат дээл өмсөхийг цээживч өмсөхүй хэмээмүй гэж эртний тайлбар толинд бичсэн байна. Энд дурьдагдаж байгаа бүх олдворууд нь түүхийн шинжлэх ухаанд түрүү үеийн монголчууд (Г.Сүхбаатар 1992) хэмээн нэрлэж заншсан Хүннү, Кидан гүрний уугуул нутгаас олдсон.
Эдгээр одлвор, баримт нь тухайн цагийн бөхчүүдийн зарим нь энгэртээ элгэвч зүүж, ханцуйгүй оготор цээживч өмсөж барилдаж байхад зарим нь цээж нүцгэн шуудаг өмссөн, зарим нь бүдүүн нэхмэл эдээр хийсэн дээл маягийн хувцас өмсөж барилдаж байсныг илэрхийлжээ. Үүнээс үзэхэд Хүннү, Кидан гүрний үед Монгол туургатны бөхчүүдэд барилдахад зориулсан тусгай хувцас хэрэглэл нэгэнт буй болсон байжээ.
Бөхийн хувцас хэрэглэлийг хийдэг үндсэн эд нь арьс шир байсан ажээ. Энэ талаар Монголын баатарлаг туульсад олонтаа өгүүлсэн байдаг. Тухайлбал: “өвгөн Бужиндар хаан” үлгэрт “идэр цагаан зааны ширээр хийсэн, шандас шөрмөс оосортой зодог шуудгаа багтааж ядан байгаа” хэмээдэг. Өөр нэгэн туульсад зуун бухын магнайг түүхий цагт нь зүүгээд хийсэн зодог цагаан шалбуур, буурын арьсан зодог, барын арьсан шуудаг... хэмээн өгүүлсэн буй. Эдүгээ цагт өвөрмонголчууд бөхийн зодгоо булигаараар, ордос, ойрад, үзэмчин бөхчүүд хувцас хэрэглэлээ арьс ширээр хийсээр байгаа нь эртний улбаа уламжлалаа хадгалсаар ирснийг харуулдаг. Ираны Камаадан мужийн бөхчүүд Өгөөдэй хааны үед Хархорум хотод ирж барилдахдаа арьсан шуудаг өмсөж байсан баримт бий. НТӨ IҮ зууны үед Хүннү бөхчүүд ямаа, гөрөөсний арьсыг тулмалж өвчөөд элдэж хийсэн өмсгөлтэй байсан тухай мэдээ бий.
Монгол туургатны хүрээнд авч үзвэл бөхийн барилдаан өөр өөрийн дүрэм журам, ёс, жаяг, мэх техниктэй өвөрмөц хэд хэдэн төрлийн барилдаан байдаг. Монгол туургатны бөхийн хувцас хэрэглэл нутаг орон, ястан омгийн байдлаараа ялгаатай.
Өвөрмонгол бөхийн хувцас хэрэглэл: Зодог, том халхгар өмд, тугдгар монгол гутал, малгай дөрвөөс бүрдэнэ. Зодог нь булигаарыг хоёр давхарлаж хийгээд зодог ширээсний оронд дөрвөн хуруу хир өргөн эгнээгээр том том металл товруу шигтгэн бэхэлж, далбааны ар зоон дагуу мөнгөөр хийж үнэт чулуугаар чимсэн гурван эгнээ урт хавтгай ялтас байх ба зодогны ханцуй тохойноос үл хэтрэх охор бөгөөд мөн товруу хадсан байна. Өвөрмонгол бөхийн хувцас хэрэглэлд шуудаг байхгүй түүний оронд олон метр бөс эдээр хийсэн өвдөгнөөс дээш их хуниас бүхий халхгар өмд өмсөнө. Гутлын тухайд монгол гутал бөгөөд мохоо тугдгар хоншоортой, угалз хээгээр чимсэн, хоёр шагайнд том төмөр товхтой, оймс, гутлын түрүү хоёрын завсар хулсан бэхэлгээ хийсэн байна.
Үзэмчин бөхийн хувцас хэрэглэл: Зодог өмд, гутал, туухуу, савслага, хормогч, хүлээ, занги гэсэн найман зүйлээс бүрдэнэ. Зодог болон бусад хувцас хэрэглэлийг булигаар, үхэр, тэмээ, бугын шир, сайр, арьс, эсгий, бөс зэргээр хийнэ. Үзэмчин бөхийн зодог битүү, задгай гэсэн хоёр янз байна. Задгай зодогны ханцуй Өвөрмонголынхтой адил охор, зодогны ар, их бие ташаан толгой шүргэхүйц урт, элэг бүс өргөн байх ба зодогны мөр ханцуй зэргийг булигаар сайраар захлан нягт бөх бат ширнэ. Битүү зодог мөн охор ханцуйтай байх авч их бие нь хүрэмтэй төстэй аж. Нэр цуутай бөхчүүдийн зодог ханцуй, дал, мөр, ар, их биеийн хэсэгт мөнгөн, гуйлан товруу хадаж түүн дээр гарди, луу, бар, арслан мэт хүчтэнийг дүрслэх буюу “Хүчээр дийлэх” гэсэн үг сийлсэн байна.
Үзэмчин бөхийн хувцас хэрэглэлийн нэг онцлог хормогч мөн. Хормогч нь бөхийн бэлхүүсэн талыг халхалж зодогны хормой өмдний захыг хамтатган дарж бэхлэх зориулалттай. Үзэмчин бөхийн барилдаанд зориулж хэрэглэдэг өмдийг зарим судлаачид (Х.Нямбуу 1996) ардын уламжлалыг дагаж “тохой” хэмээх хэмжүүрээр тодорхойлж бичсэнийг үзвэл, 20-40 тохой бөс бараагаар хийдэг. Өмдний захын тойрог арван гурван тохой, шуумагны үзүүрийг тойрог дөрвөн тохой гэхчилэн олон хуниас бүхий шалхгар өмд байдаг аж.
Үзэмчин бөхийн хувцас хэрэглэлийн өөр нэг онцлог бол “туушуу” юм. Туушуу улаан, хөх зэрэг тод өнгийн торгомсог эдээр хийж сүрлэг хүчирхэг амьтдын дүрс хатгамалдсан байх бөгөөд бөхийн өвдөг хамгаалах зориулалт бүхий зүйл юм.
Ойрад Ордос бөхийн хувцас хэрэглэл: Зодог, шуудаг, гутал, малгай зэргээс бүрдэнэ. Ордос бөх хувцасаа арьс, шир, эсгийгээр хийж байсан ба хожуу торгомсог эдээр хийх болсон байна. Зодогны энгэр задгай, ханцуй охор, шуудаг “өмд” нь өвдөгнөөс үл хэтрэх байдалтай хагас охор байна. Зодгоо алт, мөнгө, гууль, зэс гэхчилэн үнэт эдлэл товруугаар бэхэлж чимнэ. Ордос бөхийн малгай нь дөрвөлжин хөх алчуур, эсвэл арьсаар хийсэн монгол маягийн малгай байна. Барилдахад зориулсан өмд буюу шуудаг нь сайн элдэж зөөллөсөн шир, арьсаар хийсэн өвдөг үл хэтрэх охор өмд байна. Ордос бөхчүүд өвөл цагт ширээр хийсэн монгол хэвийн гутал өмсөх ба зун бөсийг шаглаж оёсон өндөр түрийтэй шаахай маягийн гутал өмсөж (Х.Нямбуу 1996) барилддаг байна.
Ойрад (Шинжаан) бөхийн хувцас хэрэглэл: Цээживч зодог шуудаг (өмд) гутал зэргээс бүрдэнэ. Цээживчийг бугын идээлсэн арьсаар хийж, зэс товруу хадаж бэхлэх ба ар талд нь луу, бар мэт хүчтэнийг хатгамалдсан байна.
Баруун Монголын бух ноолдоон бөхийн хувцас: Зөвхөн арьсаар хийсэн шалбуур өмд байна. Шалбуурын ар биед бат бэхийг бэлгэдсэн эвэр угалз хадна.
Монгол (халх) бөхийн хувцас хэрэглэл: Малгай, зодог, шуудаг, гутал, оймс, нөмрөг, эрээн булчин буюу гутлын түрийний боолт хүлэг гэсэн долоон хэсгээс бүрдэнэ. Монгол бөх малгайгаа улаан, хөх өнгийн торгон дээр найман хошуу хэсэг, дөрвөн талаас бүрдүүлэн хийх ба орой дээрээ жанц, жинс бүхий жанжин малгай өмсөнө.
Монгол бөхийн зодогийг гол төлөв хөх, улаан өнгөтэй бөх бат торгомсог эдээр хийх ба ханцуй нь гарын урттай тэнцүү гүйцэд, энгэр бие задгай, ар бие нь зоо нурууны тэн хагас орчим, дал мөр, суга нь зай хийгүй байхаар үйлдэгдсэн байна. Зодогны их биеийн ар санчигны хоёр өнцөгт элэг бүсийг бэхэлж сүвээний хавирга доогуур хүйсний дээхнэ зангидахаар тохируулна. Зодогны их биеийг нийтгэмэл хадаг, мяндсан утсаар дөрвөн хуруу хэр өргөн захалж дөрвөлжин нүд гаргаж ширнэ.
Шуудгийг зодогтой ихэвчлэн эсрэг өнгөтэй боловч ижил эдээр хийж мөн хадаг, мяндас нийтгэмэл утсаар хоёр хуруу өргөн эгнээгээр захлан ширж бөхлөх ба сур, хадаг, мяндас эдээр тэлээ уяа хийнэ.
Зодог шуудагны их биеийн төв дунд зуйван дөрвөлжин хээ ширж чимж бөхөлнө. Монгол бөх барилдахдаа хар, улаан өнгийн булигаараар хийсэн мохоодуу ээтэн хоншоортой сарьс хавчиж, цөөвтөр угалз тавьсан монгол гутал өмсөх ба гутлын толгойн хэсгийг ултай хамт ногтлон суран хүлгээр хүлж бөхлөхөөс гадна гуталны дотуур угалз хээ бүхий омогтой хагас ширмэл оймс өмсөж гутлын түрий оймсыг хамтад нь дарж эрээн булчингийн тус хэсгээр бооно. Монголчууд зодог шуудгийг эхэн үедээ цэнхэр хөх, ухаа улаан өнгийн эдээр хийдэг байсан бөгөөд бөөгийн мөргөлийн үед байгаль дэлхий уул хангайг биширч ногоон өнгөтэй, шарын шашин дэлгэрч эхэлсэн хугацаанд шар өнгийн өмсгөл зонхилж байсан ба эцэст “Хөх тэнгэрийн орон”, “Хөх монгол” хэмээх билэгдлийг дээдэлж хөх, улаан хоёр өнгө зонхилдог болсон гэж зарим судлаачид (Х.Баянмөнх 1994) үзсэн байдаг.
Монгол бөхийн зодог шуудаг ХIХ зууны эхэнд аймаг, хошуу, бүс нутаг, албат, шавь зэрэг бөхийн цол зэрэг зиндаагаар ялгаатай байсан. Тухайлбал: Богдын шавийн бөхчүүд улаан өнгийн, дөрвөн аймгийн бөхчүүд цэнхэр хөх өнгийн аварга, арслан, заан цолтон хамбан, начин цолтон торгон, начинаас доош цолтон чисчүү, цолгүй бөхчүүд даалимбан зодог, шуудагтай байсан ажээ. Одоо цагийн Монгол бөхийн хувцас хэрэглэл нь уран мэхийг маш олон хувилбартай хийж бүрэн хүч үзэн барилдах тийм боломжийг хангасан. Бөхийн бие махбодийн байдалд маш нийцтэй, эрүүл мэндэд харшлахгүй, бөхийн сүр үзэмжийг дээдэлсэн төгс зохицолтой.
Археологийн олдвор, түүхийн сурвалжууд, эрдэмтэн судлаачдын баримт нотолгооноос үзэхэд түрүү үеийн монголчууд буюу Хүннү, Сяньби, Жужан, Кидан гүрний үед бөх барилдахад зориулсан тусгай хувцас хэрэглэж заншсан байжээ. Монгол туургатан Өвөрмонгол, Үзэмчин, Ойрад, Ордос, Халх монгол бүгдээрээ зодог шуудаг хувцас хэрэглэлээ арслан, бар, гарди, луу мэт хүчирхэг амьтдын дүрсээр чимдэг утга билэгдэл нь монголчууд бөхдөө хүчирхэг араатан жигүүртэн амьтдаар нэршсэн цол чимэг олгодог болсонтой холбоотой аж. Эдүгээ цагийг иртэл Монгол туургатнууд охор ханцуйтай, металл товруутай барилдахад зориулсан хувцас гэхээсээ цэрэг, баатар, дайчин эрчүүдийн бие хамгаалах хэрэгсэл гэлтэй зодог өмсөж шалбуур өмдтэй, туухуу хамгаалалттай байсан нь Монголчуудын эрийн гурван наадам цэргийн эрдэмтэй угсаа үүсэл нэгтэй гэдгийг харуулж байна.