Домгоор бол, урьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галаас нь олж авахаар хэлэлцжээ. Тас, бүргэд том биетэй учир баригдчихна, харин хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч хэмээн гуйж гэнэ. Хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор шумбан орж цогтой гал зуугаад дээшээ хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй “галын хулгайч” гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж харин манай тив галтай болсон гэдэг.
Гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана. Холоос яваа гийчин, оршуулганд оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгадаг заншилтай. Монгол, түрэг угсаатнууд галын утааг “галын сүнс”, түүгээр дамжин хүний сүнс тэнгэрт очдог хэмээн итгэдэг тул гал дээгүүр алхаж гарахыг цээрлэдэг.
Монголчууд бурхан багшийн дүйцэн өдөр, цагаан сар, баяр ёслол, гал тахих өдрөөр хамгийн сайн түлээ түлшээ бэлдэн галын бурхандаа өөх тос, өвчүү өргөдөг. Ялангуяа нас барсан хүний 49 хоногт зулын гэрэл тасалдаггүй нь гүн утга учиртай. Үхээд сэргэсэн буюу клиник үхэлд байсан хүмүүс “хав харанхуйд хачин олон чөтгөр шулам таарч гэрэл гэгээг маш их хүсдэг юм билээ” гэж ярьсан байдаг. Эрт үеэс монголчууд нас барагсдын 49 хоногт нүгэл мууг цээрлэн буян ном их хуруулж талийгаачийн сүнсийг хоргодуулж тамын харанхуй нүхэнд унагахгүйгээр тэнгэрт халин одох замыг гэрэлтүүлж өгдөг ариун заншил нь гүн гүнзгий агуулга ажээ.
Хурим хийж шинэ гэрт орж байгаа залуу хосын нөхөр нь галын эхэнд, эхнэр нь галын аманд сууж хархүү эцэгтээ хандан “Аав аа, галаа хайрла!” хэмээнэ. Эцэг нь “галаар яах нь вэ, хүү минь!” гэхэд хүү “аавын галаас тасалж, хүү нь гал голомтоо асаая!” хэмээн хүндэтгэн хоёр гараа тосоход эцэг нь хүүдээ хэтээ өгнө. Хүү хэтийг хоёр гардан авч адислаад улмаар хэтийг цохиж гал гарган хөгжөөхөд эхнэр нь шинэ айлын анхны цай хоол хийдэг ёсонтой.
Айл сахалтаараа нэгдэн “галын наадам” хийж түүдэг гал тойрон бүжиг, дуу хуур, ерөөл магтаал хөгжөөн, идээ будааныхаа дээжээс өргөдөг зарим ёслолд 108 зул, 1000 зул өргөдөг.
Нар, гал, тэнгэр тахих, Чингис хааны их тахилга үйлдэх үед 500-1000 метрийн голч бүхий дугуй тойргийг тусгайлан засаж, дунд нь аргал түлээ өрж, хонины ноос зулж, таван хуруу зузаан шар тос асгаж, дуудлага уншлагыг өндөр дуугаар дуудаж их гал асаахуйд дөрвөн зүг, найман зовхист гэрэл туяа цацран тэнгэр бурхад, дээдсийн сүнс соёрхон айлчлах шиг сонин дүрс, гэрэл гэгээ үзэгддэг хэмээнэ.
Гал тахилгын бэлтгэл нь гал голомтоо сайтар цэвэрлэж, бурхандаа тахил өргөхөөс эхэлнэ. Гэр орон гал голомтоо цэвэрлэснээр гэрийн эзэн болон бусдын сэтгэл тунгалаг, тогтуун байж, тухайн гэрт залран ирэх бурхад баясах, царай зүс сайжрах, дараа дараагийн төрөлдөө өндөр язгууртай төрөх зэрэгт тустай гэж үздэг.
Галын тахилд таван зүйлийн тахил, хүсэл эрдмийн таван зүйл, хонины өвчүү, шар тос, архи тэргүүтнийг бэлдэж байрлуулна. Таван зүйл тахилын нэг цэцэг өргөснөөр “галын тэнгэр, нөхөр сэлтэд цэцгэн эрхи өргөснөөр хамаг амьтны нас буян, цог учрал, яруу алдар, удам угсаа, амь бие, хийморь, эд идээ, төгс эдлэл нэмэгдэх” бөгөөд арвижихын хувь шалтгаан бүрдэнэ. Галын тэнгэр тахилга өргөл үйлдэж буй эзэд халуун өвчин, адгуус малд гарз, ад, хулгай, хүний хэл ам, дайсан тотгор, араатан хилэнтний хорлол бүгдээс сахин аварч хамгаалан соёрх хэмээн даатган залбирдаг. Мөн хүж, зул, анхилам үнэртэн, амны идээ, хөгжим өргөхөд ч энэ мэт даатган залбирна.
Дөрвөн их үйлсийг даатгадаг. Амирлуулах үйлс нь цаг бусын өвчин, элдэв муу зүүд, муу ёр тэргүүтэн бүгдийг амирлуулна. Дэлгэрүүлэх үйлс нь нас, буян хийгээд эрдэм боловсрол, ажил үйл тэргүүтэй номын ёсонд нийцсэн бүгдийг дэлгэрүүлнэ. Эрхэнд хураах үйл нь тэнгэр хүмүүний эд эдлэл бүгдийг өөрт цогцлоох, өөрийн сэтгэлийг эрхэнд хураахыг бэлгэднэ. Хатуу үйл нь шашин, амьтанд хорлолтой хараал чатга, муу зүйл бүгдийг зайлуулахын тухайд даатган залбирна.
Даллага хийнэ. Хишиг буян даллахдаа даллагын уут, сум, цай идээ зэргийг гартаа барин гар зөв эргүүлэн даллана. Ингэж даллахдаа нас, буян хишиг өвчингүй эрүүл байх, сайн найз нөхдөөр хүрээлүүлэх, эд эдлэл бүгдийг хурайлан далладаг. Нар зөв эргүүлэн даллаж байгааг олон янзаар тайлбарлах боломжтойгоос нэгийг дурьдвал монгол хувцасны онцлог буюу энгэрийн зохимжтой уялдаатай юм. Өөрөөр хэлбэл гараа нар зөв буюу баруун эргүүлж байгаа нь буян хишгийг өвөр рүү орох, оруулах бэлгэдэлтэй.