Жаран

 

Монголчууд дөрвөн улирлыг гурав, гурваар нь хувааж 12 сар болгон амьтдаар төлөөлүүлэн нэрлэсэн. Мөн хоногийн 24 цагийг ч 12 хувааж тэдгээр амьтдын нэрээр нэрлэсэн. Дорно дахинд мод, гал, шороо, төмөр, ус гэсэн таван махбодыг өнгөөр төлөөлүүлж цаг тоололд ашигладаг. Модыг хөх, галыг улаан, шороог шар, төмрийг цагаан, усыг хар гэж нэрлэдэг.

Мөн таван махбодыг эр, эм болгон тоолдог. Тухайлбал, хөхийг эр, хөхөгчинг эм, улааныг эр, улаагчныг эм гэх мэтээр нэрлэдэг. Хөхөгчин, улаагчин, шарагчин, цагаагчин, харагчин гэж хэлээд байгаа нь “эм жил”-ийг хэлж байна гэсэн үг.

Мөн 5 өнгө ба 12 жилийн дарааллаар “хөх хулгана”, “хөхөгчин үхэр”, “улаан бар”, “улаагчин туулай”, “шар луу”, “шарагчин могой” ... гэх мэтээр эр, эмээр нь ээлжлэн тоолдог. Ингэж тоолоход 1 дэх хулгана жил “хөх”, 2 дахь хулгана “улаан”, 3 дахь хулгана “шар”, 4 дэх хулгана “цагаан”, 5 дахь хулгана жил “хар” болно. Эдгээр таван өнгө тус бүрээр нэрлэгдсэн 12 жилийг, жишээ нь 5х12 = НЭГ ЖАРАН гэж нэрлэдэг. Нэг жаранд 30 эр, “-чин”-гээр төгссөн 30 эм жил багтана. Жаран нь “хөх хулгана” жилээр эхэлдэг учраас “хувьтай хүн хулгана жилийг үзнэ” гэдэг үг үүсчээ.

Жилийг зөөлөн ба хатуу гэж хоёр хуваадаг. Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилийг хатуу, үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилүүдийг зөөлөн жил хэмээнэ. Монголчууд гэрлэх, үс авах, нас барсан хүнийг оршуулах зэрэг зан үйлд тухайн хүний төрсөн жил, сар, өдөр, цагийг чухалчлан авч үздэг. Хоёр хатуу, хоёр зөөлөн, ивээл жилтэй хүмүүс гэрлэвэл илүү сайн гэж үздэг. 

Цаг тооллын түүхийг сөхөж үзэхэд, цаг хугацааны үндсэн нэгж болох жилийг 2 янзаар авч үздэг. Аргын улирлын (тропик) жил нь одны жилээс 20 минутаар богино бөгөөд түүнийг жилийн “стандарт” хугацаа гэж тооцдог. Цаг тоолол буюу календарийг тропикийн жил дээр үндэслэн зохиодог. Календарь нь нарны, сарны, нар-сарны гэсэн 3 төрөл байдаг боловч ихэнх улс оронд нарны тооллыг хэрэглэдэг. Нарны тоолол нь нарны жилийн хөдөлгөөнд үндэслэн зохиогдосн бөгөөд нэг жилийн хугацааг тропикийн жил буюу 365 хоног 5 цаг 48 мин 46 секундээр авч “аргын жил” гэдэг.

НТӨ 46 онд Юлий Цезарийн зохиосон календарийг Юлийн календарь буюу хуучин тоолол гэдэг. Энэ тооллоор жил нь 365 хоногтой бөгөөд 3 жил тутамд жилийн хоногийг 365 хоногоор авч 4 дэх жилийг 366 хоногоор авдаг байв. 366 хоногтой жилд нь хоёрдугаар сар 29 хоногтой байх түүнийг өндөр жил гэж нэрлэдэг. Гэвч Юлийн тооллоор жил нь тропикийн жилээс ялимгүй урт тул 128 хоногт 1 хоног алдаж байв. Ийнхүү 400 жил тутам хугацааны 3 хоногийн хожигдолт гарсаар XYI зуун гэхэд 10 хоногийн алдаа гарсан тул 1582.10.05-ны өдрийг 10.15-ны өдөр гэж шилжүүлэн тоолж эхэлжээ. Римийн Григорий зохиосон энэ тооллыг “Шинэ тоолол” буюу “Григорийн календарь” гэж нэрлэдэг. Григорийн тооллоор бол 400 жил тутам 3 “өндөр жил”-ийг орхиж тоолно. Гэвч эхний бүхэл зуут нь 400-д хуваагдахгүй зуун жилүүдийг “өндөр жил”-д тооцохгүйгээр тогтжээ. Жишээ нь, 1700, 1800, 1900, 2100 онуудад өндөр жил таарч байгаа боловч эдгээр тоонууд 400-д хуваагдахгүй тул 366 биш 365 хоногтойгоор авна гэсэн үг юм. Ингэснээр календарийн жил нь аргын жилээс 3300 жилд зөвхөн 1 хоногоор зөрөх болжээ. Шинэ тооллыг 1918.01.26-наас эхлэн Оросод хэрэглэж эхэлжээ.

Сарны календарь нь сарны нэг төрлийн хэлбэр дахин давтагдах хугацаанд (29.5 хоног) үндэслэгдэн зохиосон тоолол юм. Сар нэг удаа дэлхийг тойрох хугацааг нэг сар гэж үздэг ба энэ тооллыг “Билгийн тоолол” гэж нэрлэж голдуу Азийн улс орнууд хэрэглэдэг. Энэ календарьт сарууд нь 29 (бага сар) ба 30 (их сар) хоногтойгоор ээлжилдэг. Билгийн тооллоор жилийг 12 амьтнаар дараалуулан нэрлэсэн ба 1027 оны гал туулай жилээс эхлэн “жаран”-аар тоолж эхэлжээ. 1986 онд XYI жаран дуусч, 1987 оны туулай жилээс XYII жаран эхэлсэн. Монгол оронд эрт дээр үеэс нар-сарын тоолол буюу нар ба сарны хөдөлгөөнийг хослуулсан тоолол хэрэглэж байгаад 1922 оноос эхлэн албан ёсоор нарны календарийг хэрэглэх болсон. XYII жаран 1987 оноос эхэлсэн бөгөөд 2046 онд дуусч, 2047 оноос дараагийн XYIII жаран эхэлнэ.

XYI ба XYII жараны дэс дарааллыг авч үзвэл,

1.    1927, 1987 – Улаагчин туулай
2.    1928, 1988 – Шар луу
3.    1929, 1989 – Шарагчин могой
4.    1930, 1990 – Цагаан морь
5.    1931, 1991 – Цагаагчин хонь
6.    1932, 1992 – Хар бичин жил
7.    1933, 1993 – Харагчин тахиа жил
8.    1934, 1994 – Хөх нохой жил
9.    1935, 1995 – Хөхөгчин гахай жил
10.  1936, 1996 – Улаан хулгана жил

11.  1937, 1997 – Улаагчин үхэр жил
12.  1938, 1998 – Шар бар жил
13.  1939, 1999 – Шарагчин туулай жил
14.  1940, 2000 – Цагаан луу жил
15.  1941, 2001 – Цагаагчин могой жил
16.  1942, 2002 – Хар морин жил
17.  1943, 2003 – Харагчин хонин жил
18.  1944, 2004 – Хөх бичин жил
19.  1945, 2005 – Хөхөгчин тахиа жил
20.  1946, 2006 – Улаан нохой жил

21.  1947, 2007 – Улаагчин гахай жил
22.  1948, 2008 – Шар хулгана жил
23.  1949, 2009 – Шарагчин үхэр жил
24.  1950, 2010 – Цагаан бар жил
25.  1951, 2011 – Цагаагчин туулай жил
26.  1952, 2012 – Хар луу жил
27.  1953, 2013 – Харагчин могой жил
28.  1954, 2014 – Хөх морин жил
29.  1955, 2015 – Хөхөгчин хонин жил
30.  1956, 2016 – Улаан бичин жил

31.  1957, 2017 – Улаагчин тахиа жил
32.  1958, 2018 – Шар нохой жил
33.  1959, 2019 – Шарагчин гахай жил
34.  1960, 2020 – Цагаан хулгана жил
35.  1961, 2021 – Цагаагчин үхэр жил
36.  1962, 2022 – Хар бар жил
37.  1963, 2023 – Харагчин туулай жил
38.  1964, 2024 – Хөх луу жил
39.  1965, 2025 – Хөхөгчин могой жил
40.  1966, 2026 – Улаан морин жил

41.  1967, 2027 – Улаагчин хонин жил
42.  1968, 2028 – Шар бичин жил
43.  1969, 2029 – Шарагчин тахиа жил
44.  1970, 2030 – Цагаан нохой жил
45.  1971, 2031 – Цагаагчин гахай жил
46.  1972, 2032 – Хар хулгана жил
47.  1973, 2033 – Харагчин үхэр жил
48.  1974, 2034 – Хөх бар жил
49.  1975, 2035 – Хөхөгчин туулай жил
50.  1976, 2036 – Улаан луу жил

51.  1977, 2037 – Улаагчин могой жил
52.  1978, 2038 – Шар морин жил
53.  1979, 2039 – Шарагчин хонин жил
54.  1980, 2040 – Цагаан бичин жил
55.  1981, 2041 – Цагаагчин тахиа жил
56.  1982, 2042 – Хар нохой жил
57.  1983, 2043 – Харагчин гахай жил
58.  1984, 2044 – Хөх хулгана жил
59.  1985, 2045 – Хөхөгчин үхэр жил
60.  1986, 2046 – Улаан бар жил