Бяслаг

Гол төлөв хавар намрын цагт үнээ, хонь ямааны болсон сүү ба, өрөм цөцгийг аваагүй түүхий сүүг ээдүүлж шахах аргаар хийдэг. Бяслаг хийхэд харьцангуй их сүү ордог. Сүүгээ зөөлөн галаар халааж, дээр нь шар сүү, шинэ тараг зэргийг хийж ээдүүлнэ. Ээдмээ биежиж ирэхэд марль, даавуун уутанд хийж шар усыг нь шүүнэ. Дараа нь дөрвөлжин даавуу юмуу марльд гонзгойлон эсвэл дөрвөлжин хэлбэрт оруулан боож хоёр хавтгай мод эсвэл чулуун завсар хийж хүндрүүлэгчээр дарж шахан шар усыг улам сайн шахан нягтруулна. Шахсан бяслаг 1-3 цагийн дотор жигд нягтарна. Сүүг ээдүүлэх үедээ хийж байгаа шар ус, таргаа сайтар тааруулах хэрэгтэй. Ээдүүлэг ихэдвэл бяслаг гашуун, исгэлэн амттай болно. Зөв ээдүүлж сайн шахсан бяслаг гадуураа атираагүй, зүсэхэд ширхэг нь мэдэгдэхгүй, нягт биежилттэй байдаг. Түүхий сүүний бяслаг тос нүнжиг сайтай, болсон сүүний бяслагаас чанарын хувьд илүү байна. Нөгөө талаар болсон сүүний бяслаг тослог багатай учир хэтэрхий чилгэр хатаж, дэвтэхдээ муу тул төдийлөн хатааж нөөцөлдөггүй. Бяслагийг гол төлөв аян жинд явах, айлчин гийчин ирэхэд, хурим найр хийхэд тавгийн идээ болгож хэрэглэдэг.