Хас бол Долоон бурхан одны дөрвөн улиралд хэрхэн шилжиж хөдөлсөн дүрслэлийг илэрхийлдэг хэмээн үздэг. Хасын дүрс эртний хадны зургуудаар ч элбэг, Хүннүгийн үеийн олдворт ч хас бий. Хас бол монголчуудын хувьд “хамгаалах утга” илэрхийлсэн бэлгэдэл бөгөөд юунд ч дийлдэхгүйг илэрхийлдэг. Эмэгтэй хүн “эр хас”, эрэгтэй хүн “эм хас” зүүж хамгаалалт хийдэг гэж ярьдаг. Эр хас нь нар зөв эргэсэн, эм хас нь нар буруу эргэсэн дүрс юм.
Хас бол газар хөндөх, оршуулгын зан үйл, тэр ч бүү хэл төрөх үхэхийг зааглан хоёр тийш болгодог номын тарнийн хүчтэй, нууц чагж дүрслэлийн утга бэлгэдэлтэй дүрс ажээ. Судар номонд бичсэнээр биед зүүвээс арилжаа наймаанд ялагдахгүй гэж бичсэн байдаг.
Жирийн ард иргэд гэрийн эсгий үүд, судрын баринтаг, дээл хувцас, ээмэг бөгж, хүүхдийн дээл, тэрлэгний мөрөнд хас дүрсэлж, бод малдаа хас тамга дарсаар 1938 он хүрчээ. Монголчуудын эцэг өвгөдийн хэрэглэж байсан зүйлээс хас тэмдэггүй юмыг олоход бэрх.
Физикчид хас тэмдэгний цацраг шугамнуудын хугарч байгаа дүрслэлийг ертөнцийн дөрвөн хүчний тогтмолууд цаг хугацаанд өөрчлөгдөж буйг зааж болох талтай хэмээн үзжээ. Дэлхий ертөнц хий, ус, шороо, гал гэсэн дөрвөн махбодоос бүрддэг. Монголчууд энэ дөрвөн махбодыг хас хээгээр төлөөлүүлдэг. Тэнгэр газар, сансар огторгуй, байгаль дэлхийн тайлагдашгүй далд хүч, түүний нууцыг нээх түлхүүр хас дүрсэнд шингэжээ.
Туулайг дорно дахины зурхайд арга билгийн бэлгэдэл хэмээн үзэж хас бариулан зурхайн сударт тэмдэглэжээ. Тиймээс туулай жилтэй хүний жилийн чагж дүрс нь хас юм. Хасыг зурхайн ёсонд юунд ч үл дийлддэггүй, муу ёрын юмыг зайлуулахын бэлгэдэл хэмээн үздэг.
Монголын нутагт Морин толгойт хас, янгир толгойт хас дүрслэлүүд бий. Хас гэдэг нь “хос юм” гэсэн монгол үг ажээ. Хас хэлбэртэй эд өлгийн зүйлс төмөр, шинэ чулуун зэвсэг, хүрлийн үе, сонгодог эртний үе гэх мэт түүхийн өргөн цаг үеийн олдворуудаас илэрдэг. Манай оронд Увс аймгийн Зүүнхангай сумын Зураагийн хадны зураг дээр 8000 жилийн өмнө улаан зосоор зурагдсан хас байдаг бол Булган аймгийн Дашинчилэнд 5000 жилийн өмнө зурагдсан янгир толгойт хас бий. Мөн 4500 жилийн өмнөх үед хамаарах буган чулуун дээр морин толгойт хас дүрслэгдсэн байдаг.
Төв Азийн нүүдэлчдээс Перс, Европын соёлд “хас” нэвтэрсэн гэдэгтэй эрдэмтэд “эвлэрдэг” ба Европын орнуудад готуудаар дамжин тархсан гэж үздэг. Готууд Хүннү нартай хамт баруун зүг хийсэн аян дайнд холбоотон болж явахдаа хас тэмдгийг мэдэж авсан байх хэмээн таамагладаг. Цэрэг дайны байлдан дагуулагч Александр Македон болон Адольф Гитлер нар хасыг шүтдэг байсныг хүмүүс мэднэ.