Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр юм. Мөн ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлдэг олон ёс заншлыг хадгалсан баяр юм.
Дорно дахинд шинэ оны баярыг өрнөдөөс арай хожуу тэмдэглэж эхэлжээ. XIII зуунаас өмнө Монголчууд шинэ жилийн баяраа намар цагт тэмдэглэж “Сүүн сар” хэмээн нэрлэж байв. XIII зуунаас эхлэн “Хувь сар буюу Цагаан сар” гэж нэрлэж заншсан бөгөөд энэ тухай “Монголын нууц товчоо”, “Хуа И Ю”, “Цагаан түүх” зэрэгт тэмдэглэжээ. Цагаан сарын баяр нь Монголын нэгдсэн төр улс байгуулагдсан түүхэн цаг үетэй ихээхэн холбоотой аж. XIII зууны эхэн улаагчин туулай жилийн цагаан сарын шинийн нэгэнд Чингис хаан хулгана цагт дээшилж биеэ ариутган шинэ хувцас өмсөж тэнгэр газарт ёсолж Өүлэн эхдээ мөргөн золгож, дараа нь төрийн их ордондоо залран анхилам үнэртэй арц хүжийг багцаар шатаан зуун түшмэл гурвантаа мөргөн их ёслол үйлджээ. Түүнээс хойш 1216 оны хулгана жилийн сар шинийн нэгэнд өөрийн сан хөмрөгөөс мянган лан алт, түмэн лан цагаан алт гаргаж харъяат улсын 60-аас дээш настай хүмүүст хувь хүртээжээ. Чингис хаан ийнхүү цагаан сарыг төр түмний нэгдсэн их баяр болгож, хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар Есөн хөлт цагаан тугаа тахиж Их хуралдай хуралдуулах болсноос үүдэн харъяат аймгуудын олон ноёд түшмэд бэлэг хүргэн ирж хааны амгаланг эрдэг ёсон тогтсон тухай Рашид Ад Дин тэмдэглэжээ. Улмаар Монгол сар хэмээсний учир нь 1227 оны улаагчин гахай жил Чингис хаан Тангудыг эзэлсний дараа хаврын тэргүүн бар сарыг монгол тооллын тэргүүн сар хэмээн тогтоожээ.
Монголчуудын шинэ жил нь хаврын тэргүүн сар хэмээгдэж, цагаан идээний зүйл “цагаа” гэдгээс “Цагаан сар” гэдэг нэр үүсчээ. Малчин ардуудын аж ахуйн хэрэгцээ, шаардлагаар шинэ жилийг хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэх болсон төдийгүй энэ нь мал сүрэгт маш их халгаатай хатуу ширүүн, шуурга шамаргатай өвөл өнгөрч, урин дулаан цаг ирлээ гэдгийг бэлгэддэг ажээ.
Хубилай хааны ордонд олон жил суусан Венецийн элч Марко Поло монголчуудын Цагаан сарын баярын тухай тэмдэглэн үлдээхдээ “Энэ өдөр хээ угалзтай тохош нөмөргөж, алт мөнгөөр чимэглэсэн гоё сайхан авдар сав ачсан заанууд болон бэлэг сэлт бүхий зүйлийг ачсан тэмээн жин хааны ордонд хүрэлцэж ирнэ. Баяр ёслол үйлдэж, бэлэг сэлт барьсны дараа найрын ширээ засч, бүх хүн найрлаж цэнгэнэ. Хоол унд барьж дууссаны дараа илбэчин, бүжигчин ирж, ордныхныг цэнгээн хөгжүүлэх ажээ. Мөн ийм баяр ёслолын үеэр их хаадын өмнө сургуультай арслан авчрах бөгөөд тэр нь эзнээ таньсан ноход мэт хааны хөлд цагираглан хэвтээд өгнө” гэж бичсэн байдаг.
Цагаан сарын ёслол нь битүүлэх ба шинэлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх ба битүүлэх ёс нь хуучин оныг үдэх, шинэлэх ёс нь шинэ оныг угтах ёслол юм.
Битүүний өдөр ба битүүлэг ёс: Их төлөв өвлийн сүүл сарын гучныг “битүүн” гэнэ. Энэ өдөр тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэлтэй бөгөөд Монголчууд энэ өвлийн адаг сарыг “Лавай сар” гэдэг. Ийнхүү саргүй харанхуй битүү байхыг нэгэн бүтэн жил битүүрэн төгсөж байна гэж үздэг. Энэ өдөр айл болгон гэр гэртээ тухайн жилийн эцсийн хоол зоог барьж “битүүлэг” үйлдэх бөгөөд өнгөрөн одож буй оноо битүүлэн төгсгөж буй ёс юм. Битүүний өдөр монголчууд аль болох элбэг дэлбэг байхыг хичээдэг нь тэр жилийнхээ амьдралын сайн сайхныг бэлгэдэж буй явдал юм. Битүүний өдрөөс өмнө өр шир, өглөг авлагаа дуусгаж, бусдаас зээлсэн мөнгө, эд мал байвал эргүүлэн өгч, урьд хэрэлдэж эв түнжин хагарсан хүнтэйгээ зориуд уулзан учирч эв эеэ засдаг. Айл хотлоороо бурхан шүтээнээ тахиж, гэр орныхоо шороо тоосыг гүвж, утаа хийг цэвэрлэн малынхаа хот хороог засаж цэмцийлгэдэг. Хоточ нохойныхоо уяа хүзүүвчийг хүртэл сольж шинэтгэдэг. Эрчүүд нь хүлэг сайн морьдоо барьж хур дэлийг нь засдаг. Эмэгтэйчүүд нь идээ будаагаа засаж өмсөж зүүх хувцас хунараа цэгцэлж шинийн нэгний өглөөг угтахад хэрэгтэй зүйлсээ бэлдэж тавина.
Битүүний орой өрхийн тэргүүн хонь малаа хотлуулсны дараа гэрийнхээ баруун тотгон дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс тавьж, сайн зүгийн эзэд сахиусны орох үүдийг нээнэ. Зүүн тотгон дээрээ өргөс бүхий харгана шарилж тавьж муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаана. Эрүү хэлийг нь заагаагүй битүү толгой чанаж бурхандаа тахил болгон өргөж хамар, чих, эврийн уг, нүх сүв, хотгор хэсэгт шар тос түрхэж тавьдаг. Бурхан шүтээндээ зул хүж барина. Гэрийн хүмүүс бүгд шинэ дээлээ өмсөж идээ будаа бүхий ширээнээ сууцгааж, гэрийн эзэн битүүрэх зан үйлийг эхлүүлнэ. Битүү чөмөг таших өвөрмөц заншил үйлдэж, айл хөршийнхөндөө бууз баншнаасаа хүргүүлдэг. Идээ будаанаас цадтал идсэний дараа тоглоом наадгай тоглоно. Битүүний өдөр олон айл хэсэж тэнүүчлэх, хүүхдээ зодох, нохой гаслуулах, гэрийн дотор гаднаас хашгичин ярилцах, юм зажилж гадаа гарах, амаа арчихгүй гарах, онц яаралтай бус өвчинд эм тан уухыг цээрлэдэг. Албан байгууллагууд битүүний өдөр тамга тэмдгээ хэвтүүлэн тавьж “тамга амраах” ёслол хийдэг.
Шинийн нэгний ёслол: Шинийн нэгний үүр цайхаас үдэш болох хүртэл тэр жилийн өнгийг шинждэг. Үүр цайхдаа удаан гэгээ орж, нар мандах үед үүлгүй цэлмэг байвал нялхас багачуулд өлзийтэй сайхан жил гарч байна гэж үздэг. Шинийн нэгэнд үйл үртэс хийх, айлд хонох, уйлах, хэрэлдэх, үнс хогоо хаа хамаагүй хаях, усанд явах, өдөр хэвтэж нойрсох зэргийг цээрлэнэ.
Мөр гаргах: Цагаан сарын шинийн нэгний өглөө үйлддэг зан үйл бөгөөд өрхийн тэргүүн өглөө эртлэн наран ургах юмуу эсвэл суусан суудлын сайн зүгт мөрөө эхлэн гаргаж тухайн жилийн цээрээ гаргаж байгаа ёс юм. Эхнэр болон эмэгтэй хүүхэд эл зан үйлийг заавал үйлдэх албагүй бөгөөд эртнээс энэ ёсыг мөрдөж иржээ. Ингэхдээ тухайн жил сар өдрийн хар нохойн ам мөн жилийн аль зүгтээ байгааг мэдэж зүг төөрүүлдэг байна.
Золгох: Гэрийн хүмүүс гоё сайхан дээл хувцсаа өмсөөд, гэрийн доторх хамгийн ахмад хүмүүс өвөө, эмээ, аав, ээж нартаа хадгаар золгоно. Дараа нь хөрш саахалтын ахмад хүндтэй хүмүүстэй золгоно. Ийнхүү цагаалга эхэлж, ахмад, залуучууд, хүүхдүүд тус тусдаа ялгаран айл болгонд орж золгох бөгөөд золгохоор ирсэн хүмүүсийг хүндлэн дайлж, бэлэг сэлт барина. Шинэ оны идээ зоог барьсны эцэст айлын хүмүүст өлзийтэй сайхан ерөөл тавьдаг. Ерөөл сонссон хүн “Тэр ерөөл бат орших болтугай” хэмээн товчхон хариу хэлнэ. Хадагтай золгохдоо хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулна. Хадгаа хүний гар дээр тавихгүй унжуулсан чигээр нь золгоно. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно.
Мэндлэх: Мэнд мэдэх нь хүндэтгэл илэрхийлж байгаагийн илрэл бөгөөд өөрөөс дүү хүн байсан ч “та” хэмээн харьцдаг. Эхлээд амрыг айлтгаад дараа нь улирлын мэндээр мэндэлж, сүүлд нь лавлах мэнд мэддэг. Түүнийг “бүрэн мэнд” гэж нэрлэдэг ажээ. Зочин гийчинтэй мэндлэхдээ бүрэн хувцаслаж товчоо гүйцэд товчилсон байх ёстой. Харь хүнтэй монгол ёсоо даган мэндэлнэ. Уй гашуу тохиолдсон хүнтэй амрыг айлтгаж мэндэлдэггүй, золгодоггүй. Мөн монгол хүн гар зөрүүлж золгодгоос бус гар барьж золгодоггүй. Ирэх ондоо аз жаргалтай амар төвшин байх, адуу мал нь арвижин олшрохын ерөөл тавин мэндчилдэг. “Бие лагшин тунгалаг уу. Мал сүрэг мэнд оров уу”, “Даага далантай, бяруу булчинтай, хөвгүүд хөрслөг, охид өнгөтэй юү” гэх мэтээр мэндлэн цагаалдаг.
Тамхилах: Хөөргөөр тамхилахдаа толгойг нь суллахгүйгээр тамхилдаггүй. Хөөрөг зөрүүлэхдээ харшуулахыг цээрлэнэ. Энэхүү ёс нь Өндөр гэгээн Занабазарын үеэс ихэд дэлгэрч “мэндийн шар” хэмээн нэрлэгддэг болжээ. Эмэгтэй хүн тамхилахдаа өөрийнхөө хөөргийг магнайдаа хүргээд хоёр гардан ахмад хүн, зочин гийчиндээ барина. Мөн ахмад хүний хөөргийг хоёр гардан аваад өөрийн толгойноос дээш гарган мэхийсгээд буцааж өгдөг заншилтай. Эмэгтэй болон залуу хүмүүс хөөрөгний толгойд хүрэхгүйгээр үнэрлээд буцааж барьдаг. Эвдрэлцсэн хүмүүс байвал хөөрөг зөрүүлж сэтгэлээ цайлгадаг. Хөөрөгний толгойг дарж болдоггүй. Эв түнжин эвдэрч хоорондоо муудахын тэмдэг гэдэг. Хөөрөг нь бага гарын, дунд гарын, их гарын гэж ялгана. Хөөрөг, гаансаар тамхилах тохиолдолд үгүй гэж хэлж болдоггүй. Гаансаар тамхилахдаа тамхи татдаггүй байсан ч гэсэн соруул талаар нь аваад хацартаа хүргээд буцааж өгнө. Тэгэхдээ гаансны соруулыг нударгаараа арчиж буцаана.
Айлд суудал барих: Гэрийн баруун дээд талд зочдод зориулсан олбог, суудал байдаг. Өрхийн тэргүүлэгчээс зочид ахмад бол баруун дээд талын ил суудалд, үе тэнгийнх бол баруун талд, дүү насных бол баруун өмнө чигт сууна. Зочин эмэгтэй гэрийн эзэгтэйгээс эгч бол түүний дээд талд, дүү бол доод талд нь суудаг ёстой.
Ууц хөндөх: Ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина. Бүхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хүзүү, сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мөчнүүдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан, дээрээс нь ууцаараа бүтээж, хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битүүний орой гэрийн эзэн есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хүмүүстээ тарааж өгнө. Ууцыг зөвхөн гэрийн эзэн буюу хүндэт зочин хөнддөг заншилтай. Шүүсэнд хүрч хөндөхдөө ууц сүүлний голд нэг, дараа нь олон ясны уулзвараас харцаганы хоёр зураа дагуу гурав зүснэ. Дараа нь харцага талын ирмэгээс хоёр зүсэж дээжсийг нэгтгэн галын бурханд хувь болгодог. Зочин хүн олуул яваа бол ахмад нь ууцанд хүрч хөндөөд бусдадаа хувь өгч ёс гүйцэтгэнэ. Ингэхдээ ихэд хүндэтгэл үзүүлэн хишгийг хоёр гараараа өгч авдаг.
Бэлэг барих: Бэлэг дотроо олон янз бөгөөд урьд цагт хамгийн хүндтэй хүндээ ар сайтай торго дурдан, алт мөнгөн эдлэл, сор сайтай ангийн үс, соёл хэтэрхий судар ном сэлтийг есөн цагааны бэлгийн хамт барьдаг байжээ. Ашдын гурван бэлэг гэдэгт цагаан хив хадаг, шинэ саасан сүү, халуун хошуут мал буюу хонь, морь багтдаг. Хэдийгээр цаг ирэх тусам бэлэг барих ёсон өөрчлөгдөж байгаа ч эртнээс нааш уламжилж ирсэн хадаг, аяга, цай нь нэн хүндэтгэлтэй бэлэг болно.
Шинийн нэгний тоглоом наадгай: Шинийн нэгний үдэш “Хоёр бадарчин ба 32 чөтгөр” хэмээн тоглож, өөрөөр хэлбэл математикийн бодлого боддог байжээ. Хоёр бадарчин хөдөө хээр худгийн дэргэд хонох болжээ. Гэтэл шөнө дунд 32 чөтгөр хүрч ирээд хоёр бадарчныг худагт хаяна гэхэд хоёр бадарчин зөвшөөрөөд, харин аль тэнэгээ урьдаар худагт хаях хэрэгтэй вэ гэжээ. Чөтгөрүүд: Тэнэг хүнээ яаж мэдэх вэ гэж асуув. Тэр амархан. Цөмөөрөө худаг тойроод сууцгаая. Тэгээд нэг захаас нь тоолоход долоо дахь хүн тэнэг болно. Түүнийг авч худагт хаяад байя гэж бадарчин хэлжээ. Энэ бодлогыг чөтгөрүүд зөвшөөрөөд, худаг тойрч суугаад нэг захаас тоолон долоо дахь хүнийг худагт хаясаар, эцэст нь хоёр бадарчин үлдсэн байна. Шинийн нэгэнд таадаг эртний уламжлалт таавар буюу бодлогыг та нар ч бас таагаад үз. Үүнд, 32 ижилхэн зоос бас хоёр өөр зоос аваад аяга тойруулан өр. Тэгээд хаанаас нь яаж тоолбол хоёр бадарчин буюу хоёр өөр зоос долоо дахь тэнэг болохгүйг бодож ологтун.
Цагаан сар нь буяны сар юм. Шинийн нэгэн Бурхан багш заларсан их дүйцэн өдөр, шинийн найман Оточ Манал бурханы номоо номлож заларсан өдөр, шинийн арван таван нь Аюуш бурхны заларсан дүйцэн өдөр ажээ. Эдгээр их дүйцэн өдрүүдэд хийсэн ном, буян мянга, сая, бум тоогоор үрждэг хэмээн айлдсан байдаг.
Цагаан сардаа бэлтгэсэн идээ зоог, эд зүйлсээ адислаж болно. Ум аа хум хэмээсэн нууц тарни номыг гурвантаа уншдаг. Эхний Ум аа хум айлдвараар бидний сэтгэлээсээ бэлтгэсэн идээ ундаа, эд зүйлсэд нөлөөлсөн гадна дотны барцад саад, сэтгэлийн гэм, нян, ариун бус зүйл бүхэн ариусаж сайн сайхан боллоо хэмээн бясалгаж бодно. Хоёр дахь Ум аа хум хэмээн айлдахдаа тэрхүү идээ будаа маш ихээр өсөн үржиж тоо томшгvй их боллоо хэмээн бясалгана. Гурав дахь Ум аа хум хэмээн уншсанаар эдгээр идээ зоогт тарни, бясалгалын хүч шингэж бүгдийг сэтгэлчлэн бүтээх ариун рашааны шидтэй өргөл тахил боллоо хэмээн сэтгэн бодож бурхан шүтээндээ дээжийг нь өргөж, гэрийн эзэн буюу ахмад хүндээ эхлэн барих буюу түгээн хүртээдэг уламжлалтай. Ийм идээ хүртсэн бүхэн дээдийн рашаан хүртсэнтэй утга нэгэн болдог ажээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах