Эрдэнэ Зуу хэмээх үг нь
төвдөөр “Ринчэн Жово” хэмээх дуудлагатай. “Рин” гэдэг нь үнэ цэнэ, өртөг ханш
гэсэн утга, “чэн” гэдэг нь их, том гэсэн
агуулгатай. Өөрөөр хэлбэл, РИНЧЭН гэдэг нь “их үнэ цэнэтэй” хэмээх утгыг илэрхийлнэ. ЗУУ гэдгийг монгол бичгээр
бичихдээ хоёр янзаар бичнэ. 100 хэмээх тооны үг илэрхийлж байгаа бол “жагу” гэж
бичнэ. Харин “жуу” гэж бичвэл БУДДА бурханы нэрийг илэрхийлнэ. Тэгэхээр ЭРДЭНЭ
ЗУУ гэдэг нь “их үнэ цэнэтэй бурхан будда” гэсэн агуулга юм. “Зуу” нь бурханы
нэр учраас үргэлж том үсгээр эхлүүлж бичих учиртай. Тэгэхээр аяллын хөтчүүд
минь “Зуу” гэдгийг орчуулан тайлбарлахдаа “100-гийн тоо” гэж ойлгуулж болохгүй
юм шүү.
Эрдэнэ Зуу хийдийн гол
цогчин болох “Гурван Зуу” буюу “Баруун Зуу, Дунд Зуу, Зүүн Зуу” сүмүүдийн
хоймор голд бурхан буддагийн өтөл, идэр залуу, нялх балчир цагийн дүрүүдийг залсан
байдаг. Эрдэнэ Зуу хэмээн өргөмжилсөн учрыг
ийнхүү тайлбарладаг. Бурхан будда нь орчлонгоос
буюу зовлонгоос гэтэлсэн бөгөөд бусад хүмүүсийг ч зовлонгоос гэтэлгэх арга
замыг олж номлосон нь эрдэнэ шиг үнэтэй, ховор нандин үйл хэрэг учраас ийнхүү
нэрлэсэн гэж үздэг.
Буддын шашны “Их хөлгөн”
буюу Махаяна урсгалд “хувилгаан лагшин”, “төгс эдлэлийн лагшин”, “номын лагшин”
гэсэн гурван лагшины талаар номлосон байдаг ажээ. Их хөлгөний таван мөр, арван
газрыг төгс эдэлж гэгээрсэн тэр лагшинг “төгс эдлэлийн лагшин” хэмээнэ. Төгс
эдлэлийн лагшинг бүтээхдээ эрдэнийн чимэг зүүлт, хувцас хэрэглэл, титэм сэлтийг
хамт бүтээдэг ба үүнийг Зуу хэмээн нэрлэнэ гэж Их хөлгөний номлолд айлджээ.
Тэгэхээр Хархорин сумын Эрдэнэ Зуу хийдийн Гурван Зуугийн хойморт буй будда нь
титэм сэлт, эрдэнийн чулуун чимэг зүүлт, жанч хувцас өмсгөлтэй учраас “Зуу”
бурхан гэж нэрлэгдсэн хэмээн тайлбарладаг.