Цагаан өвгөний нэрийг түвдээр “Цэрэндүг” хэмээнэ. Монголоор “зургаан урт настан” хэмээн хөрвүүлэх ба “мөнх сүндэрлэх уул, мөнхөд урсах рашаан, мөнхөд наслах хүн, мөнхөд наслах гөрөөс, мөнхөд наслах шувуу, мөнхөд наслах мод” хэмээх зургаан зүйлийг бэлгэддэг. Энэ 6 зүйл нь Аюуш бурханы адис хүчээр урт наслах шидийг олсон бөгөөд Цэрэндүгийг залж тахисан газар оронд урт нас, аз жаргал, энх амгалан оршин тогтдог гэж бэлгэддэг.
Цагаан өвгөн ойн мод бүхий сайхан цэцэрлэгт оршин сууж, амьтны сайн муу үйлийг тольдон сууж, уул усны эзэд савдагийг захиран суудаг гэж үздэг бөгөөд Цагаан өвгөний тахилгыг үйлдвэл хулгай дээрмийн аюул, хараал, муу ёроос хамгаалдаг хэмээдэг. Монгол Цагаан өвгөн нь хүн зон сайн сайхан явахын ерөөлөөр баруун гартаа эрих барьж, олон хүмүүн урт наслахын бэлгэдлээр зүүн гартаа луун толгойт зургаадай таяг барьсан байдаг. Баян тарган, сайн явахын бэлгэдлээр цагаан дээл өмсөж, газар лусыг захирах бэлгэдлээр барын арьсан гутал өмссөн ажээ. Цагаан өвгөнийг урин дуудаж, тахил өргөн баясгаснаар эд малын гарз, аливаа зэтгэр гайг тонилгон амь насыг уртасгана. Цагаан идээ, сүү тараг, өрөм ааруул тэргүүтнийг өргөн арц хүж уугиулан Цагаан өвгөний санг уншдаг.
Их Хүрээний цамд Цагаан өвгөний дүр хүндтэй байр суурь эзэлдэг. Цагаан өвгөний цамнан бүжиглэх байдлаас тухайн жилийн өвлийн цаг уур ямар болохыг мэддэг байв. Хүрээний зурхайч нар цаг уурын байдлыг урьдчилан мэдсэнийг олон түмэнд дохиолон мэдээлэхдээ энэхүү Цагаан өвгөнөөр дамжуулдаг байжээ. Хэрэв тухайн жил өнөтэй сайхан өвөл болж өнгөрөхөөр бол Цагаан өвгөн их найрсаг зантайгаар бүжих ба харин тэр жил хатуу хариг, ширүүн өвөл болох бол Цагаан өвгөн ааш аяг муутай цамнадаг байна. Иймээс настангууд “Энэ жил Цагаан өвгөн зан сайтай байна, сайхан жил болох нь” хэмээн хуучилдаг байна.