Мял богд

Мял богд гэдэг нь Түвдийн Гүнтан нутагт төрсөн бөгөөд 7 настайдаа эцгээсээ өнчирч охин дүү эхийн хамт үлджээ. Шунахай сэтгэлт авга ах нь хамаг эд хөрөнгийг нь аваад зогсохгүй эхийг нь эхнэрээ болгох гэжээ. Эд хөрөнгө, гэр орон, мал ахуй, тариан талбайгаа авга ахдаа булаалгасанд ихэд өширхсөн бөгөөд эхийн ятгалгаар Мял хүү 15 настайдаа Үй зангийн оронд очиж хараалын увидаст суралцжээ. Улмаар авга ахаасаа хэрцгийгээр өш хонзон авч, 35 хүний амийг хараалын хүчээр авснаар маш том нүгэлд унаж бие сэтгэлийн зовлонд унажээ.

 

Хийсэн нүглээ цайруулахын тулд Нимава буюу улааны шашны "зогчэн" ёсыг судалсан боловч нэмэр болсонгүй гэнэ. 38 настайдаа Марба ламтантай учирч түүнийг бишрэн дагажээ. Түүний хилэнц нүгэлийг арилгаж, дээд сургааль хүртэх оюун санааны бэлтгэлийг хангах үүднээс 6 жилийн турш байшин бариулж, эргүүлж нураалгах ажил хийлгэх зэргээр хүнд хүчир сорилтонд оруулжээ. Эцэст нь 9 давхар цамхагийг ганцаараа барьж, бүх бие нь турж эцэн шарх сорвиор дүүрсэн гэдэг. Ингэж зовсны эцэст бурханы авшиг хүртэн Марба ламтны хамтаар ууланд гарч зөвхөн халгай өвсөөр зоог хийн бясалгал хийснээр 9 жилийн дараа бурханлаг мөн чанарыг олжээ. Халгай идсээр байгаад арьс нь ногоон болсон хэмээдэг тул Мял богдыг дүрслэхдээ ногооноор дүрсэлдэг ажээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах