Монголд нэвтэрч байсан буддын урсгалууд

Буддын шашны хөгжлийн дунд үе буюу XII-XY зууны үед Махаяна буюу Их хөлгөний дөрвөн янзын урсгал болох Сажа, Гармава, Гэлүгва, Нимава ёсон Монголд орж иржээ.

Сажийн ёсон: XI зуунд Төвдөд үүссэн бөгөөд үндэслэгч нь Гончигжалбаа юм. Нийт таван “бандида” буюу “номын их багш” төрсний дөрөв дэх нь Сажа бандида Гунгаажалцан бөгөөд Өгэдэй хааны гуравдугаар хүү Годан ноёны урилгаар 1244 онд Монголд иржээ. Годан ноён бол тухайн үедээ Төвдийг захирсан хаан байв. Гунгаажалцан буддын сургаалийг шашны зан үйлээр дамжуулан Монголд дэлгэрүүлэх хэрэгтэй гэсэн санааг гаргаж, бөөгийн тахилга ёсны тэнгэр тахих ёслолыг “тэнгэрийг залбирах ерөөл” болгон өөрчилж, Манзуширыг тахих ёслол буюу одоогийн Ямандаг бурханыг тахих тахилгыг бий болгожээ. Тухайн үедээ томд тооцогдох сүмийг бариулж, монголчуудад зориулан “Эрдэнийн сан субашид”-ыг бичсэн гэдэг. 1253 онд Хубилай хаан авшиг хүртэн сажийн ёсоны шавь болж, 1260 онд Пагва ламыг “улсын багш”-аар өргөмжилжээ. Тэрбээр бурханд, номд, хуваргад сүслэх гурван эрдмийг номлож, төр, шашин хоёрыг хослон барих хоёр ёсны сургаалийг дэлгэрүүлж, Төвд цагаан толгойд үндэслэн дөрвөлжин бичгийг зохиожээ. Мөн эл үед Хайсан Хүлүг хааны урилгаар Чойжи-Одсэр хэмээх сажийн ёсны лам “Зүрхэн тольт” хэмээх зохиолыг туурвижээ.

Гармава ёсон: XI зуунд Төвдөд үүссэн бөгөөд багш шавийн барилдлагын дэг журмыг чанд мөрдөгчид буюу “гажүдва” ёсныхон гэдэг нэрээр олонд тархжээ. Гармава ёсны төлөөлөгч “гарма” хэмээх “их номун хаан” 1255 онд Монголд ирж Мөнх хааны багш нь болжээ. Хар эмжээртэй малгай өмсдөг байсан тул хар малгайтан гэж нэрлэгддэг байв. Тэрбээр буддын шашныг бөөгийн тахилга ёсноос илүү хөгжсөн, илүү шинжлэх ухаанч, хүнд үр нөлөөтэй шашин гэж батлахыг оролдсон ажээ. Гарма ламтан Хархорумд 5 давхар суварга бүтээлгэж байжээ. Сажийн ёс болон гармава ёс нь тарнийн хүчээр илбэ шид үзүүлдэг, олон шат дамжиж боловсордог, эрдэм мэдлэгтэй лам хүн, эсвэл хаад ноёд шүтдэг байсан тул олны дунд тархаж чадаагүй ажээ. Түүнээс гадна сажийн болон гармава ёсонг улсын хэмжээнд бодлого болгон баримтлаагүй учраас түгэн дэлгэрч чадаагүй гэдэг.

Гэлүгва ёсон буюу шарын урсгал:  Ламын шашин ч гэж нэрлэгддэг гэлүгва буюу шарын урсгал нь Төвдөд XIY зуунд үүсчээ. 1409 онд Богд Зонхов Лувсандагва шарын урсгалыг үндэслэн Гандан гэдэг хийдийг байгуулсан ажээ. Шар дээл, малгай өмсдөг учраас шарын шашин гэж нэрлэсэн байна. Тухайн үед Төвдийн олон аймгийн сүм хийдэд дэг ёс сулран хувраг шавь нар эрх ашиг хөөцөлдөн нэр хүндээ барсан учир Богд Зонхов шашныг өөрчлөн шинэчлэх арга хэмжээ авснаар шарын урсгалын үзэл санаа хөгжжээ. Лам нарын сахил санваарыг чангатгаж, эхнэр авах, арилжаа наймаа хийх, улс төрийн хэрэгт оролцохыг хориглосон байна. Шарын урсгалыг Монгол оронд дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Түмэдийн Алтан хаан юм. 1571 онд гэлүгва ёсны их хамба Содномжамцтай Хөх нуурт уулзаж “Далай лам Очирдара” хэмээх цолыг олгосноор Төвдийн шашны оргил ийнхүү нэрлэгдэх болжээ. 1583 онд Алтан хаан таалал төгссөн хэдий ч түүнийг залгамжлагч хаад Далай ламыг дэргэдээ байлгаж байв. Халхын Абтай сайн хан улс орноо нэгтгэн төвлөрүүлэх үйл хэрэгт шарын урсгалыг ашиглах нь зүйтэй хэмээн үзэж номын авшиг хүртсэн нь шарын урсгал буюу гэлүгва ёсон ард нийтийн дунд тархах гол үндэс болсон байна.


Шарын урсгалын гол үзэл нь  номд мөргөн шүтсэнээр нирваанд хүрнэ гэж үздэг. Арван хар нүглийг тэвчихийг сурган, нүгэл хийвэл хийсэн нүгэл нь хуримтлагдаж тамд унана, тийм учраас нүгэлтэйгээ тэнцэхүйц буян хийх ёстой гэж номлодог. Нэгэнт үйлдсэн нүгэл цайрдаггүй, хуримтлагдсаар дараагийн төрлийн үйлийн үрийн байрлалыг заагч болдог гэж үздэг. Шарын шашны язгуур гурван шүтээн нь ном, хувраг, бурхан бөгөөд ном дор мөргөмү, багш дор мөргөмү, бурхан дор мөргөмү хэмээн залбирдаг дараалалтай. Тухайлбал, сүм хийдэд очсон сүсэгтэн зурхайчид үзүүлэн ямар ном уншуулахаа мэдээд, дараа нь ламд очиж уншуулан, эцэст нь бурхадад мөргөж өргөл өргөдөг. Шарын урсгалын лам нар бага залуу наснаасаа буддын боловсролыг үе шаттайгаар үзэж судалдаг бөгөөд урт удаан хугацааг туулан байж боловсрох гэгээрэхийн замд хүрдэг. Хамгийн энгийн үгээр хэлэхэд, бурхан чиний өмнө байгаа учраас ламын номыг сонс, ламд мөргөн сүсэглэ гэж сургадаг байна.


Нимава ёсон буюу улааны урсгал:  Энэтхэгийн их тарнич Ловон Бадамжунай YIII зуунд бясалгал хийх аргаар улааны урсгалыг үндэслэсэн. Тэрбээр Энэтхэгээс Төвдөд шашин дэлгэрүүлсэн бөгөөд улаан хувцас өмсдөг байсан учраас улааны шашинтан гэж нэрлэгджээ. Эл урсгал нь XI зууны үед шинээр гарч ирсэн сажа, гармава ёсонд дарагдсан ч цөөн хэдэн номлол нууцаар уламжлагдан үлдсэн нь XY зуунд дахин сэргэж, тарнийн ёсыг гол сургаал болгон баримталжээ. Бурхан багшийн буюу нууц тарнийн сургаал гурван хөлгөн, бясалгал гурван хөлгөн, йог гурван хөлгөн нийт 9 хөлгөнөөс тогтдог. Ихэвчлэн хаад ноёд гэх мэт оюуны боловсрол сайтай хүмүүс нимава ёсоныг шүтдэг байв. Y Ноён хутагт Данзанравжаа эл шашныг хөгжүүлэх гэж ихээхэн зүтгэл гаргасан байдаг. Улааны урсгалын гол үзэл нь бурхан аливаа хүний дотор байдаг учраас бясалгал хийж гэгээрэлд хүрч чадна. Өвчнийг эдгээнэ гэж төвлөрч чадвал эдгээж чадна гэж номлодог. Хүний бие дотор сайн муу гэсэн хоёр хүрд бий, сайн хүрдээ эргүүлж чадвал заавал амжилтанд хүрнэ гэж үздэг. Нүгэл хийж болно, хийсэн нүглээ бясалгал хийх замаар ариусгаж болно гэж номлодог. Бясалгалын замаар өөрийгөө хөгжүүлэн заавал багшаар дамжуулалгүй бурхантай харьцаж болно. Эхнэр авч болно. Амьтны амь хороовол дараа нь бурханд нүглээ наминчлан, түүнтэй тэнцэхүйц буян үйлдсэнээр ариусна гэж үздэг. Улааны урсгалын язгуур гурван шүтээн нь хувраг, бодьсадва буюу ядам, эм хүн буюу хандо юм.


Нимава ёсонд дээд ба доод бясалгал гэж байдаг. Аливаа хүн өөрөө энерги буюу цэнэгийн биет байдаг учраас доод бясалгалыг маш энгийнээр хийж болдог. Тухайлбал, хамрын үзүүр дээр хараагаа төвлөрүүлэх, завилан сууж байгаад эрих тоолон хийх гэх мэт амархан аргаар өөрийгөө төгөлдөржүүлж болдог. Дээд бясалгалыг хутагт хувилгаадууд 108 хоног тасралтгүй сууж хийдэг бөгөөд өөрийгөө төгөлдөржүүлсний дараа газрын энерги, сансрын энерги, өөрийн энерги гэсэн гурван хүчийг нэгэн биед нэмж зангиддаг. Эдгээр энергийг өөрийн биед зангидан бясалгаж чадвал усыг гурван биед хувиргаж чадна гэж үздэг. Дээд бясалгалын үед сансрын энергитэй холбогдсон байдаг учраас бие нь амьд, өөрөө гүн нойронд автсан мэт оршмол оршдог ажээ. Хүнд ашиглагддаггүй “наран”, “саран” гэсэн хоёр судал байдаг бөгөөд бясалгалын үед эл хоёр судал нээгдэж зүрх, тархи хоёрын хооронд ажиллаж эхэлдэг. Зөвхөн өөрийнхөө сүнс, оюунаар л амьдардаг бөгөөд зургаа дахь мэдрэхүйгээ ашиглан амаараа биш оюун санаагаараа ус ууж, оюун санаагаараа харж амьдарна гэсэн ойлголт юм. Дээд бясалгал хийх хуврагийг эхлээд багш нь шинжиж хийж чадах үгүйг тогтоогоод бясалгал эхлэхээс өмнө чихэнд нь тарни хэлж өгдөг. Бясалгал хийх агуйд зөвхөн чулуун ширээ засаж, агуйн аманд хоол зөөх жаахан зай гаргаад бусдыг нь шавардаж битүүлдэг. Өдөрт нэг удаа модон аягаар хоол идэх бөгөөд хоолоо дуусгаад чулуун ширээн дээр модон аягаа доош нь харуулж гурван удаа үрдэг. 68 дахь хоног дээр аяга нь үрэгдэж дуусах бөгөөд түүнээс хойш хоол идэхгүйгээр өөр дээрээ гурван хүчийг зангидан бясалгал хийдэг. Үүнийг самади оршино гэдэг. 40 хоногийн дараа багш нь агуйг нь нээж, тарни уншиж сэрээгээд бясалгалыг тайлан гаргаж авдаг. Хэрвээ тэр бясалгал зөв хийгдсэн бол багшийгаа тарни уншихад сэрнэ. Тарни гэдэг бол өөрөө амьтай зүйл бөгөөд түлхүүр тарнийг мэддэг хүн буюу багш нь л агуйн амыг нээж чадна. Хэрвээ хүчээр эвдэж онгойлговол тарнийн муу хүч ирнэ гэж үздэг учраас буддын шашинд нууц тарнийг сэтгэл нь зузаараагүй хүнд зааж өгдөггүй байна. Өөрийнхөө ашиг тусын тулд муу юманд ашиглана гэж үздэг. Дээд бясалгалыг таван хүн хийснээс YIII Богд Жибзундамба, ноён хутагт Данзанравжаа хоёр давж чадсан байна. Бусад гурав нь бясалгалаа даалгүй нас барсан бөгөөд шарил нь одоогийн Хамарын хийдийн 108 агуйны шаваастай гурван агуйд бий хэмээн тайлбарладаг. Тэдгээр гурван хүнийг тэр чигээр нь  занданшуулан оршуулсан ажээ.    

 

Эх сурвалж: Монгол орны лавлах