Ганжуур, Данжуур хөлгөн судар

Ганжуур, Данжуур бол буддын шашны эрдэнэсийн сан ажээ. Хүн ёс зүйтэй, хүнлэг чанартай, дотроосоо хөгжиж, зөв зохистой боловсорч чадвал бусдад буян түгээж байгаа хэрэг хэмээн Ганжуур, Данжуурт өгүүлжээ. Энэ хоёр том хөлгөн сударт амьдран буй орчноо танин мэдэж, зөв үйл хийн зохицож амьдрах тухай сонирхолтой сургаал номлолууд байдаг. Тухайлбал, наршихаас хэрхэн хамгаалах талаар заасан байдаг. Хурц нартай үед хүний бие цочирдог бөгөөд задгай амтай саванд ус хийж тавиад нар шингэсэн усаар толгойгоо шавшиж уувал наршихгүй гэсэн байна. Цаашилбал, өнөө үеийн био, нанотехнологийн тухай ойлголтууд ч байна. Газрын баялгийг байгальд ээлтэйгээр хэрхэн олборлох, газар дороос гарч буй металлуудыг тунг нь тааруулж хэрхэн ялгаж авах талаар Ганжуур, Данжуурын эхний ботиудад бичсэн байдаг.

Ганжуур бол бурхан багшийн амаараа айлдсан сургаал. Данжуур нь тэр сургаалийн тайлбар юм. Шавь нар нь “бурхан багш үүнийг ингэж айлдсан” хэмээн тайлбар хийсэн нь хожмоо олон боть зохиол болсон ажээ. Ганжуур нь 108-113 боть байх ба ямар хэл дээр бичигдсэнээсээ шалтгаалаад ботийнх нь тоо ялгаатай байдаг. Ганжуур нь монгол хэл дээр 113 боть байхад, Данжуур нь 226 боть, нийлээд 339 боть судар болдог. Орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлж буй бүтээл нийлээд 400 гаруй боть болно хэмээн төлөвлөж байгаа аж. Одоогийн байдлаар Ганжуур сударын 90 орчим боть, Данжуур сударын 100 гаруй боть крилл монгол хэлнээ хөрвүүлэгдээд байна. Тайлбарын боть нь олон байдаг учраас ийнхүү зэрэгцүүлэн хөрвүүлж үндэс болон тайлбарыг хооронд нь барилдуулан тулгаж байгаа юм байна. “Ерөөлийн хаан” номонд “бурхны сургаал бол ямар ч хэлбэрээр байж болно, гагцхүү номын утга чанар л тухайн хүндээ хүрэх нь чухал” хэмээн өгүүлсэн байдаг. Монгол хэлээр орчуулан гаргаснаар зөвхөн лам бус энгийн хүн бүр гэртээ хийморийн санг тавьж болох ажээ. Бурхан багш хамаг амьтанд тус хүргэхийн төлөө номоо номлосон болохоор өөрсдийнх нь мэддэг хэлээр байвал хүмүүст илүү хүрнэ. “Арван зүгийн, гурван цагийн” гэдгийг монголоор унших нэг өөр. Юу гэсэн үг вэ гэж бодож эхэлнэ, сургааль номлолыг ухан ойлгох боломжтой болно гэсэн үг. Ганжуур, Данжуурын нэг боть нь монгол хэлээр 300 хувь хэвлэгдэж байгаа бөгөөд дотоод, гадаадын номын сан, сүм, хийдүүдээр түгээгдэж эхэлжээ. Цувралаар гарч байгаа учир дэлгүүрүүдээр зарах боломжгүй байгаа гэнэ. Хүмүүс эдгээр ботийг гэртээ залахыг хүсвэл орчуулгын төслийн багийнхантай гэрээ хийж болох ба гарч байгаа бүх цуврал ботиудыг худалдан авна гэсэн үүрэг хүлээх ажээ.